Манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын талаар төрөөс дэвшүүлсэн бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж шургуу хөдөлмөрлөн энэ онд түүхэндээ хамгийн олон төл хүлээн авч, эрдэнэт мал сүргийнхээ тоог тавин саяд хүргэж бахдам амжилт гаргасан хөдөөгийн нийт иргэд, малчин түмэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье. Дэлгэр монгол орныхоо цэлгэр уудам нутагт тааваараа идээшлэн буй тавин сая гаруй малаа адгуулан маллаж буй малчид, мал бүхий иргэд ээ.
Монгол малын тоо ийнхүү өсөж байгаа нь сайн хэрэг боловч үүнийг дагаад гарч болзошгүй бэлчээрийн даац хэтрэх, усан хангамж дутагдах зэрэг сөрөг нөлөөллөөс сэргийлж, сүргийнхээ бүтцийг зохистой байлгах, эрүүл мэндийг хамгаалах, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх талаар ТА бүхнийг анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайхан болох төлөвтэй байна. Тун удахгүй бид бүхний уламжлалт баяр Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн түүхт ой болно. Энэхүү түүхт ойгоо хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтахыг хүсье.
Та бүхэн хүн ардаа баталгаат хүнсээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангаж, хөдөө орон нутагт хоршооллыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэр, бий болгох, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлсдээ улам их амжилт гарган ажлын байрыг олноор нэмэгдүүлж, улс орныхоо эдийн засгийн үсрэнгүй хөгжилд урьд урьдынхаасаа илүү бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.