“Тиранносаурус батаар”-ын хэргийн өмгөөлөгч солигджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

“Тиранносаурус батаар”-ын хэргийн өмгөөлөгч солигджээ

Нью-Йоркт дуудлагаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворыг Монголын хилээр хууль бусаар гаргасан эсэхийг тогтоох хэрэг өөр өмгөөлөгчид шилжжээ. Бекли хотын уугуул болох тэр эрхэм /Эх сурвалжид өмгөөлөгчийн нэрийг дурьдаагүй байв/ энэ хэрэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төлөөлөх болж байгаа гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Нью-Йоркийн “Heritage Auctions”-д дуудлагаар худалдаалагдсан аварга “Тиранносаурус батаар”-ын араг ясыг Монголынх гэдгийг нотлохоор өмнө нь өмгөөлөгч Роберт Пейнтер ажиллаж байсан юм. Роберт Пейнтер гүрвэлийн олдворыг гарал үүслийг нь тогтоохоос нааш худалдан авагчид шилжүүлэхгүйн тулд АНУ-ын Даллас хотын шүүгчийн гарын үсэгтэй шийдвэрийг дуудлага худалдаа явуулсан “Heritage Auctions”-д аваачиж өгсөн аж. Роберт Пэйнтер “Монгол бол үлэг гүрвэлийн олдвор хамгийн ихээр олддог газар боловч хүмүүс байгалийн түүхийн ховор олдворыг хууль бусаар хил давуулсаар байна” хэмээн ярьсан байна.

Пэйнтерийн ярьснаар “Heritage Auctions” үлэг гүрвэлийн олдворыг дуудлагаар худалдахыг эсэргүүцсэн Монголын талын мэдэгдлийг үл ойшоож байсан ч шүүхийн шийдвэр гарсны дараа хамтран ажиллахаар болжээ. “Тиранносаурус батаар”-ын араг яс маш ховор олдвор учраас энэ хэрэг олны анхаарлыг ихэд татаж, шуугиан дэгдээсэн билээ. “Heritage Auctions”  “Тиранносаурус батаар”-ын араг ясыг гарал үүслийг нь тогтоохоос нааш худалдан авагчийн гарт шууд шилжүүлэхгүй байх нөхцөлтэйгээр 1,052,500 ам.доллараар худалдаалсан. “Тиранносаурус батаар”-ын араг ясыг найдвартай газар хадгалж байгаа аж. Үлэг гүрвэлийн олдворыг Монголын гурван палентеологич өнгөрсөн мягмар гаригт шинжилсэн бөгөөд Монголын говиос гаралтай гэдгийг нотлох баримтыг дэлгэхээр төлөвлөж байгаа гэнэ. Роберт Пэйнтер “Энэ олдворыг Монголоос авчирсан гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Тиймээс байгалийн түүхийн энэ үнэт олдворыг ойрын хугацаанд эх нутагт нь буцааж аваачна гэж найдаж байна” хэмээжээ. Олдворыг дуудлага худалдаанд тавьсан хүн 2006 онд Японоос худалдаж авсан хэмээн мэдэгдсэн гэнэ. Түүнд уг олдворыг худалдаж авсныг нотлох баримт байхгүй боловч АНУ-ын хилээр хууль журмын дагуу оруулсан хэмээн ярьжээ. Энэ хэрэг дээр ажиллаж байсан Роберт Пэйнтер “Хэрэв палентеологичид уг олдворыг Монголынх гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол өмгөөлөгчид дуудлага худалдаанд ялсан ялагчийг ятгана гэж найдаж байгаа” гэжээ.  “Тиранносаурус батаар”-ын 2.4 метр өндөр, 7.3 метр урт араг ясыг худалдаж авсан хүн хувийнхаа галлерейд тавихаар төлөвлөж байсан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж