”Экспорт, импортын банк байгуулахаар судалж байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

”Экспорт, импортын банк байгуулахаар судалж байгаа”

Монголбанкны Лондон дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Энхжаргалтай ярилцлаа.

Жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг тогтолцоог байгуулах ёстой

-Санхүүгийн зах зээлийн салбарт гаднын туршлага менежмент нэвтэрч байна.
Гэхдээ хийх зүйл өчнөөн байгаа байх л даа. Эндээс ярилцлагаа эхлэе.

-Хөрөнгийн бирж шинэ менежментээр ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын
сангуудыг байгуулж эхэллээ. Санхүүгийн зохицуулах хороо, Лондоны
хөрөнгийн бирж хамтраад үнэт цаасны зах зээлийг боловсронгуй болгох
ажлыг амжилттай өрнүүлж байна. Энэ бүхэн цогцоороо хэрэгжээд эдийн
засгийн хөгжлийг урагш нь түлхэхэд чухал нэмэртэй. Тиймээс Хадгаламжийн
даатгалын тогтолцоог Монголд ойрын үед нэвтрүүлэх шаардлагатай. Иргэдийн
банкинд байгаа мөнгөн хадгаламжийг зөвхөн хадгаламж гэж үзэж болохгүй.
Манайд зээлийн хоршоо, хөрөнгө оруулалтын сангийн үнэт цаас эзэмшихээр
хөрөнгөө оруулсан иргэдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин алга.
Өөрөөр хэлбэл, жижиг даатгал, хадгаламж эзэмшигч, үнэт цаасны хөрөнгө
оруулагчдыг хамгаалдаг тогтолцоог бид яаралтай байгуулах ёстой. Банкны
салбарт 100 хувь даатгачихсан мөнгөн хадгаламжийн тогтолцоог зүгээр л
хэрэглэх нь зөв хандлага биш.

-Арилжааны банкуудын эрүүл мэнд ямар байна вэ?

-Монголбанкны вэб сайтаас арилжааны банкуудын нэгдсэн тайлан баланссыг
харсан. Хадгаламж, зээлийн харьцаа бараг 90 хувь руу дөхөж байсан. Энэ
бол сайны шинж биш. Ер нь хадгаламж, зээлийн харьцаа 100  хувь руу дөхнө
гэдэг иргэдийнхээ татан төвлөрүүлсэн бүх хөрөнгийг зээлийн эрсдэлд
тавьсан гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засагт таагүй орчин тохиож, зээлдэгч
нөхөр зээлээ төлж чадахгүй тохиолдолд хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг
олгож чадахгүй байх эрсдэл банкинд үүсдэг. Зээлийн чанар муудах
байдалтай бид өмнө нүүр тулж байсан. Тэр үеийн тоонуудыг харахаар
хадгаламж зээлийн харьцаа системийн хэмжээнд 90 хувь руу ойртсон байдаг.
Үүний дараа байдал нэлээн хүндэрсэн. Тиймээс арилжааны банкууд ч,
Монголбанкны хяналт шалгалтын газар ч анхаарч үзэх хэрэгтэй. Тус тусдаа
банкуудийн хадгаламж зээлийн харьцаа ямар төвшинд байгааг анхаарах
ёстой. Иргэдийн хадгаламжийн 60, 70 хувийг зээлд байршуулах, үлдэснийг
нь үнэт цаас болон бусад төрлийн хөрөнгө оруулалтад байршуулж, эдийн
засгийг төрөлжүүлэхтэй адилхан хуримтлуулсан хөрөнгөө банк төрөлжүүлэх
нь ашигтай. Нэг зүйлээс хэтэрхий их хамааралтай байх нь өөрөө том эрсдэл
юм.

Баян, хоосны ялгааг төрийн бодлого нь дэмжээд өгч байна


-Монголын эдийн засгийн нөхцөл байдал, өрсөлдөх чадварыг та хэрхэн үнэлэх вэ?

-Манай эдийн засгийн тамир тэнхээ гарын таван хуруунд багтах цөөн нэр
төрлийн бүтээгдэхүүнээс шууд шалтгаалж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг
хэврэг, гадаад зах зээлээс дэндүү хамааралтай болж эхэллээ. Уул
уурхайгаас олж буй хөрөнгөө иргэддээ бэлэн мөнгөөр тарааж байгаа нь урт
хугацаандаа Монгол Улс хөгжих боломжийг өнөөдөр үгүй хийж байна шүү дээ.
Манайх дан ганц уул уурхайгаар хөгжинө гэвэл ирээдүй тун бүрхэг.
Иргэддээ бэлэн мөнгө тараасан нь эцсийн дүнд баян, хоосны ялгааг төрийн
бодлого нь дэмжээд өгч байна. Үр өгөөжтэй зөв зохистой бодлого
үгүйлэгдэж байгаа учраас уур бухимдал, нийгмийн тогтворгүй байдал
үүсэхэд хүртэл нөлөөлнө. Тиймээс бид буруу бодлого, зөрүү системээ
оройтоогүй дээрээ засах хэрэгтэй.

-Нэгэнт хөдөлчихсөн төрийн бодлогыг яаж засах вэ?

-Нэгдүгээрт, Байгалийн баялгаас ирж буй хөрөнгө оруулалтыг шаардлагатай
гэж үзсэн амьжиргааны түвшин доогуур хүмүүст зориулах. Хоёрдугаарт,
Иргэдийнхээ мэдлэг чадварыг сайжруулахад. Гуравдугаарт, Шинэчлэл,
өөрчлөлтийг бий болгох, нэмүү өртөг шингээх технологийг хөгжүүлэхэд
төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах нь илүү өгөөжтэй. Үнэхээр л уул
уурхай хариуцлагатай байвал үүнийг дагаад дэд бүтэц, банк санхүүгийн
салбар хөгжих нь тодорхой. Мөн өөрийн орны эдийн засагт учирч болох
эрсдэл, тохиолдож болох шалгуураа хэзээд тооцож байвал бид багыг алдана.
Эрсдэлээ зөв удирдаж, зөв тогтолцоог бий болгохгүйгээр зөвхөн Сангийн
яам, Монголбанк хариуцна гээд орхивол том эрсдэлтэй нүүр тулна шүү.
Тогтолцоогоо зөв болгоно гэдэг нарийн хуультай, дүрэмтэй байна гэсэн үг.
Хууль дүрмээ чанд сахина гэсэн үг. Түүнчлэн эрсдэлүүдээ урьдчилан
тооцож, үнэлж байх хэрэгтэй. Одоогийн Төв банкны явуулж буй мөнгөний
бодлого бол инфляцийн эсрэг явж байгаа аль ч оронд хүлээн зөвшөөрсөн
шилдэг бодлогын нэг. Инфляц өндөр байх үед Төв банк бодлогын хүүгээ
нэмдэг. Засгийн газраас явуулж бодлого нь зөв, эдийн засагтай өгөөжтэй
байвал заавал бодлогын хүү ойр ойрхон хөдлөх шаардлагагүй л дээ.

-Одоогийн нөхцөлд төрөөс явуулж буй бодлого өгөөжгүй, үр ашиг
багатай байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ нэмж байна гэж шууд
ойлгож байгаа.

-Засгийн газраас зах зээлд нийлүүлж буй их хэмжээний бэлэн мөнгөний
хэмжээ инфляци өсөх үндсэн шалтгаан болдог. Энэ байдал нь эргээд зах
зээлд эргэлдэж буй мөнгөний ханшийг унагаж, эдийн засагт сэв суулгаж
байна. Зах зээлд хэтэрхий их мөнгө байна, гэтэл үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүний нийлүүлэлт бага учраас эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэ
хөдлөнө. Манайх шиг үйлдвэрлэгч бус импортлогч оронд хэзээд хомсдолын
зовлон байсаар ирсэн. Ямар ч үед эрэлт, нийлүүлэлтээ тэнцүүлж,
тогтвортой байна гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ
дээшлүүлсэн тохиолдолд л үнийг өсөлтийг мэдрэхгүй байх болов уу. Иргэдэд
тарааж буй 21 мянга, нэг сая төгрөг нийгэмд баялаг бүтээхгүй, харин ч
эсрэгээрээ зардлын инфляцийг өдөөж байна. Бараа бүтээгдэхүүн хомсдох
үндсэн шалтгаан бол энэ.

-Нэг үеэ бодвол иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн, гарт буй
бэлэн мөнгөний хэмжээ ч нэмэгдсэн. Тиймээс бараа бүтээгдэхүүн хомсдох нь
үйлдвэрлэл хөгжөөгүйн сул тал байх.

-Иргэд гэнэт их мөнгөтэй болсон учраас худалдан авалт сайжирч, бараа
бүтээгдэхүүн худалдан авах сонирхол төрөх нь тодорхой. Эргээд цөөхөн
хэдэн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахын тулд үнээ өөрсдөө бараг
хүчээр хөөрөгдөж байна шүү дээ. Үүнээс гадна, манайд зах зээлийн соёл
хөгжөөгүй байна. Эрэлтийг хангахын тулд бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлье
гэхээр үйлдвэрлэл хөгжөөгүй. Үйлдвэрлэлээ хөгжүүлье гэтэл зээлийн хүү
өндөр. Зээл авах гэхээр бодлогын хүү өндөр учраас арилжааны банкны
зээлийн хүү өндөр, хугацаа богино. Авч буй зээл үнэтэй. Монголд олдож
буй зээл үнэтэй учраас гарч буй бараа бүтээгдэхүүндээ зээлийн хүүгийн
зөрүү алдагдлаа нөхөх  “чөтгөрийн тойрог” бий болоод олон жилийг үдлээ.

-“Чөтгөрийн тойрог”-оос гарах боломж бий юү?

-Зорилготой, үр ашиг нь тодорхой, зарим чиглэлийн зах зээлийг манайх өөр
чиглэлээр хөгжүүлэх боломжтой юм байна. Бусад орныг харахад өөрийн
гэсэн стратегийн улсын үйлдвэрийг тусгайлан хөгжүүлдэг, түүнийгээ
дэмждэг, бонд гаргахад нь хүртэл тусалж байна. Зах зээлд буй
хэрэгцээгүй, үр ашиггүй, өгөөж муутай мөнгийг багасгах, түүнийгээ үр
ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулахын төлөө улсынх нь бодлого чиглэж
байвал амжилтанд хүрдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, стратегийн ач
холбогдолтой үйлдвэрлэлээ хөгжүүлж, шинэ технологи нэвтрүүлж,
хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлсэн үед “Чөтгөрийн тойрог”-оос гарах
боломжтой. Мөн эдийн засгийн бүтцийг өөрчлөх, санхүүгийн хөшүүрэг
болохуйц байгууллага байх нь ашигтай.

 
Хоёр дахь санхүүгийн том бүтэц бол Зээлийн батлан даалтын сан

-Манайд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Хөгжлийн банк бий. Дахиад санхүүгийн байгууллага шаардлагатай гэж үү?

-Бид өмнө нь Хөгжлийн банктай байгаагүй. Тиймээс Хөгжлийн банкаар
санхүүжүүлэх төсөл хөтөлбөрөө долоо хэмжиж, нэг огтлох хэрэгтэй. Маш
сайн тунгаасан, олон шүүлтүүр давсан, эдийн засгийн тооцоо хэзээд
ашигтай байх, үр ашгаа хурдан өгөх төслийг л Хөгжлийн банк санхүүжүүлэх
нь зүйтэй. Төслөө буруу сонгох, үр ашиг багатай төсөлд хөрөнгө оруулалт
хийвэл Хөгжлийн банк эрсдэлд орно. Төрийн зүгээс нэгэнт байгуулсан
санхүүгийн банкаа дэмжих хэрэгтэй. Ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн
хангаж өгөх шаардлагатай. Одоогийн улс төржиж байгаа нөхцөлд Хөгжлийн
банкны үйл ажиллагаа хурдан хэрэгжих боломжгүй. Хөгжлийн банкнаас гадна
жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар сүүлийн хэдэн жил төсөвт
хөрөнгө ногдуулж, хөгжүүлэх гэж оролдож ирлээ. Гэтэл амжилт таруухан.
Тиймээс манайд санхүүгийн өөр нэг хөшүүрэг шаардлагатай гэж үзсэн. Энэ
нь Зээлийн батлан даалтын сан.

-Зээлийн батлан даалтын сан манайд шинэ нэр, шинэ ойлголт. Түүний
үр шимийг үзнэ гэдэгт олон нийт эргэлзэж мэдэх юм. Зээлийн батлан
даалтын сан хэрэгжих орчин бүрдсэн үү?

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт
сулхан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлжилт яагаад хурдацтай
өсөхгүй байгаа юм бэ. Яагаад арилжааны банкууд хэдэн томхоохон аж ахуйн
нэгжид зээл олгох болов. Эндээс л Зээлийн батлан даалтын сан манайд
заавал байх ёстой санхүүгийн нэг тулгуур багана юм байна гэж үзээд
хуулийг нь боловсруулж батлаад, одоо хэрэгжүүлэх л үлдэж байна.
Арилжааны банкуудын системийн баланссыг харахад нийт зээлийнхээ 50-60
хувийг 30, 40 том байгууллагад өгсөн байдаг. Жижиг байгууллагад өгсөн
зээлийн хэмжээ, хамрагдсан хүрээ нь харьцангуй бага. Банкууд зээлжүүлэх
гэхээр зээлийн эрсдэл асар өндөр байх сул талтай. Яагаад гэвэл зах зээл
дээр ажиллах туршлага байхгүй, хоёрдугаар барьцаа хөрөнгөгүй. Баталгаа
гаргаад өгөх байгууллага алга. Энэ тохиолдолд эрсдэлийг нь банк өөрөө
үүрэх хэрэг гардаг. Зээлийн батлан даалтын сангийн хууль гарлаа. Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлье гээд байдаг. Гэтэл санхүүгийн боломжийг 
хамтад нь нээж өгөх хэрэгтэй. Хоёр дахь санхүүгийн том бүтэц бол Зээлийн
батлан даалтын сан. Гуравдугаарт, бид валютын нөөцөө нэмэгдүүлж,
чадалтай болох хэрэгтэй. Валютаа нэмэгдүүлэхийн тулд экспортоо
нэмэгдүүлж, гадаад валютаас орлого олох ёстой.

-Уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан манай гадаад
валютын урсгал нэмэгдсэн гэж үздэг. Цаашдаа ч нэмэгдэнэ гэж харж
байгаа. Гэхдээ гадаад валютаас ямар аргаар илүү их ашиг олох боломжтой
вэ?

-Эскпортлогчдыг дэмжсэн санхүүгийн дэд бүтцийг эхний ээлжинд байгуулъя.
Олон улсад экспортлогчдын даатгалын корпораци гэсэн нэртэй байгууллага
байдаг. Түүнийгээ экспорт, импортын банк ч гэж нэрлэдэг. Зарим нь
экспорт импортын байгууллага ч гэж тодорхойлсон байдаг. Ийм банк төрд ч
бий. Хувийн хэвшлийнхэн ч байгуулсан байдаг. Зарим нь хамтарсан
хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсаас эрх мэдлийг нь хувийн
салбарынханд шилжүүлсэн байдаг. Манайх экспорт, импортын банк байгуулах
талаар судалж байгаа. Удахгүй Монголбанкаар дамжуулж, Засгийн газарт энэ
төрлийн судалгаа тооцоог хүргүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн
хадгаламж даатгалын тогтолцооны асуудал манайд бүрхэг хэвээр. Нэг үгээр
хэлбэл, барууны оронд хэрэгжиж буй цэвэр тогтолцоог нь бид бүрдүүлж
чадаагүй явна.

 

Би өндөр байшинд дургүй ээ

-Улаанбаатарт маань хөгжиж буй шинж тэмдэг харагдаж байна уу?

-Би өндөр байшинд дургүй ээ. Мэдээж өндөр байшин зардал мөнгө, үр
өгөөжийн хувьд хэрэгтэй байх л даа. Гэхдээ эрсдэлийн хувьд өндөр байшин
өөрөө өндөр эрсдэлтэй. Улаанбаатарт өнөөдөр ийм олон өндөр байшин барих
шаардлага байна уу. Энэ нь өөрөө хэт их төвлөрөллийг хотын төвдөө бий
болгож байна шүү дээ. Үүнээсээ болоод авто машины түгжээ, уур бухимдал.
Миний бодлоор, Улаанбаатар хотын даргад иргэнийхээ хувиар өндөр байшин
барихыг хязгаарлах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Ялангуяа, хотын төвд.
Хот маань дотогшоо бус гадагшаа тэлж, сунаж хөгжмөөр байна. УИХ-аас
хотоо эрх зүйн болоод эдийн засгийн хувьд бие даалгах хэрэгтэй. Мөн
газар доогуурх байгууламжийг хөгжүүлэх нь манайх шиг өвөлдөө хүйтэн
оронд ашигтай. Жишээ нь, Канад газар доорх хотыг хөгжүүлсэн. Газар
байхгүй байна л гэдэг. Газар дор газар байна. Газар доорх газрыг бий
болгож, түүнд бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй.

-Та банкны салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Хаана сургууль төгссөн билээ?

-Банкны салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Эрхүүд банкны мэргэжлээр
төгсөж ирээд, Улаанбаатар хотын Улсын банкинд нягтлан бодогчоор ажлын
гараагаа эхэлж байсан. Дараа нь зээлийн эдийн засагч, хөрөнгө оруулалтын
эдийн засагч, Мөнгөний бодлогын газрын захиралын үүрэг гүйцэтгэгч,
Хяналт шалтгалтын газрын захирал, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр
ажилласан.

-Лондон дахь Монголбанкны төлөөлөгчийн газрын чиг зорилго, үүргийн талаар тодорхой ойлголт өгөөч?

-Лондон бол гурван цагийн уулзах цэг. Нэгдүгээрт, Бидний хувьд
санхүүгийн зах зээлийг мэдээ мэдээллийг цуглуулах, мэдээллээр өөрийн
орны Төв банкны валютын нөөцийн гадаад удирдлагыг мэдээллээр хангах
үүрэгтэй. Хоёрдугаарт, Дэлхийн бүх банк санхүүгийн байгууллага Лондонд
салбар төлөөлөлтэй байдаг учраас Монголынхоо Төв банктай холбох, банк
санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах гүүр нь болж
өгдөг. Гуравдугаарт, Санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж байгаа ч бид
дэлхийн санхүүгийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах ёстой. Тиймээс бид
тэднээс суралцах шаардлагатай. Монгол Улс Төв банкны төлөөлөгчийн газраа
Лондонд нээж байх үед 500 сая ам.доллартай байсан бол өнөөдөр манай
нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашдаа өсөх хандлагатай байна.
Валютын нөөц бол Монголд байршдаггүй. Гадаадад байршиж байдаг учраас үр
ашигтай байршуулах үүргийг Монголбанк хүлээдэг. Лондон бол дэлхийн
хамгийн том санхүүгийн зах зээл. Лондон Азитай холбогдоод бүтэн өдрийн
турш арилжаагаа хийгээд өндөрлөх үед Америкийн зах зээл нээгдэж байдаг.
Англи бол Ази, Америкийг холбосон санхүүгийн бизнесийн эргэлтийн
уулзвар.

-Лондонд буй монголчуудын амьдрал хэр байна вэ?

-Лондонд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг гэж
байгуулсан. Тэнд амьдарч байгаа монголчууд  эдийн засгийн хувьд
харьцангуй бие даасан, өндөр боловсролтой, өөрийнхөө ажил мэргэжлээр
нэлээд амжилттай ажиллаж, амьдарцгааж байна. Монголдоо туслахсан гэсэн
сэтгэлтэй олон хүн манай нийгэмлэгт бий.

Б.БАЯРТОГТОХ


Зохиогчийн эрх: WWW.MONGOLIANECONOMY.MN

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж