Ш.Алтантуяагийн хэргийг Францын прокурор шалгана

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэргийг Францын прокурор шалгана

Хэрэг хэзээ ч хуучирдаггүйн жишгээр Малайзад учир битүүлгээр амиа алдсан монгол бүсгүй Ш.Алтантуяагийн хэргийг Францын шүүх дахин сөхөж магадгүй болоод байна. Малайзын түүхэн дэх хамгийн том зэвсгийн наймаатай холбоотой энэ хэргийн талаар Францын хэвлэлүүдээр шуугиж эхэлжээ.

SUARAM буюу “Малайзын ард түмний дуу хоолой” хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллага 2009 онд Малайзын Засгийн газарт хоёр “Scorpene”, нэг “Agosta” шумбагч хөлөг худалдсан Францын цэргийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэгч DCNS, Франц-Испанийн хамтарсан “Армарис” нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэргийг дахин шалгахыг Францын шүүхээс хүсчээ.

Францын прокурорууд энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг хэдийнэ явуулж эхэлжээ. Тэд Малайзын Засгийн газартай гэрээ байгуулсан Францын төрийн өмчит DCNS  болон дээрх хэрэгтэй холбоотой “Thales” компанийг шалгаж, Францын Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс мэдүүлэг авсан гэнэ.

Түүнээс гадна Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан гэх Абдул Разак Багинда болон холбогдох бусад хүмүүсийн банкин дахь данс, хадгаламж, харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээ, төлбөрийн нэхэмжлэл зэргийг нягтлан шалгаж байгаа аж. Харин Малайз болон Монголд энэ хэргийн талаар мэдээлэл хомс байна.

Ш.Алтантуяагийн хэргийн нарийн ширийнийг тогтоохоор Улаанбаатар, Куала Лумпур хотод очиж, мэдээлэл цуглуулсан “The French Liberation” сонины сэтгүүлч Арнод Дубус “Үүн шиг төгс гэмт хэрэг байхгүй биз” гэж бичжээ.

Шаарийбуугийн Алтантуяа гэх бүсгүйн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт одоо хүртэл нууц хэвээр байгаа гэх. Бүсгүйг хэрцгийгээр хөнөөөсөн Малайзын тусгай албаны ажилтнуудын нэг Сирул Омар гэгч мэдүүлэгтээ “Намайг буу гаргахад тэр өөрийгөө жирэмсэн гээд амь гуйж байсан” гэжээ. Тэр үед түүний захирагч Азила хөөрхий бүсгүйг хутгалж, газар унагасан аж. Дараа нь түүний хувцсыг тайлан гялгар уутанд хийхэд гар нь хөдөлж байсан гэдэг. 

Азила Сирулд түүнийг дахин бууд гэсний тэр биелүүлжээ. Энэ бол Ш.Алтантуяагийн аллагын талаарх эхний мэдүүлэг байв. Дараа нь тэд бүсгүйн цогцсыг ойд аваачиж, хөл, хэвлий, толгойд нь тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн юм.

Улаанбаатар хотод суугаа түүний эцэг С.Шаарийбуу энэ хэргийн үнэн мөнийг олохоос нааш санаа амрахгүй гэдгээ нэг бус удаа илэрхийлж байлаа. “Миний охин Малайзын нутагт малайзуудын гарт амиа алдсан. Гэвч Малайзын тал энэ хэргийн төлөө ганц удаа ч уучлал гуйгаагүй” хэмээн Монгол Улсын их сургуулийн профессор С.Шаарийбуу ярьж байна.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичжээ.

Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ. Гэвч 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо  Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа  Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний  “Perimekar” түүнд олгох 500,000 ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Багинда, Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон байжээ. Учир нь Нажиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна.

Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхгүй бол хараал хийлгэнэ гэж сүрдүүлжээ.  Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байжээ.

Малайзын Батлан хамгаалах яам хоёр Scorpene шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэсэн юм. Малайзын татвар төлөгчид шумбагч хөлгийн техникийн үйлчилгээ, аюулгүй ажиллагааны туршилт, пуужин, торпед болон шумбагчийн зогсоол барих, сургалтын зардал зэргийг одоо ч  төлж дуусаагүй байгаа аж.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж