Уг хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2003-2011 оны хооронд удаа дараагийн үйлдлээр их хэмжээний алт дутагдсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Монголбанкны гадаадад шүүлгэж цэвэршүүлдэг алтыг гулууз, гулдмай болгож оруулж ирэх явцад сорьцын зөрүү гарч, улмаар нийтдээ 18 орчим кг алт дутахад хүрсэн байна.