
Шинээр томилсон өмгөөлөгчдийн тухайд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Б.Батхуяг, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Л.Даваасүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Баярсайхан нарыг томилжээ.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс хурлын товыг дөрөвдүгээр сарын 19-ний 10.00 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцах, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авч болох юм.
О.Зоригтын хэрэгт ажиллах болсон өмгөөлөгч Ж.Энхтуяа гуравхан хоногийн дотор хэрэгтэй бүрэн танилцаж амжихгүй тул дөрөвдүгээр сарын 19-нд товлогдсон шүүх хуралд оролцох боломжгүй гэх санал тавьсан боловч шүүх бүрэлдэхүүний зүгээс нэгэнт шийдвэр гарсан тул шүүх хурал товлосон цагтаа болно гэв.