“Айвенхоу” хийсвэр компаниар хөрөнгө босгож байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

“Айвенхоу” хийсвэр компаниар хөрөнгө босгож байна гэв

“Айвенхоу Майнз” хууль бус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгож байна гэх мэдээллийн талаар өнөөдөр “Улс төр” мэдээлллийн төвд МАХН-ын Төв аймгийн мянгатын зохицуулагч, геологич Б.Батсайхан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр хууль бусаар хөрөнгө босгож байгаа энэ асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотой хэмээн мэдэгдэв. Тодруулбал, Тавантолгойн хувьцаа эзэмшигч гэсэн нэр бүхий төрийн дээд албан тушаалтнуудад холбогдох хэрэг болон Оюутолгой төслийн хууль бус санхүүжилт буюу гадны хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байгаа асуудлыг дарагдуулахын тулд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сүр дуулиантай, ёс зүйгүйгээр баривчилсан гэв.

Асуудлын учир нь, “Саусгоби ресорсиз” корпораци нь  өөрийн болон охин компаниудынхаа Монголд эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалан Торонто болон Хонгконгийн хөрөнгийн бирж дээр их хэмжээний хөрөнгө босгосон гэнэ. Тус корпораци нь одоогийн байдлаар хөрөнгийн биржүүд дээр хөрөнгө босгох эрх нь үүсээгүй, тусгай зөвшөөрөл байхгүй, “Айвенхоу Майнз”-ын охин компани гэнэ.  Энэ талаар МАХН-ын Төв аймгийн мянгатын зохицуулагч, геологич Б.Батсайханаас тодрууллаа. 

-Ижил нэртэй компани байгуулан хууль бусаар хөрөнгө босгож байгаа тухай хөндөж байгаа талаараа дэлгэрүүлээч?
 
-Нэг том компани буюу “Айвенхоу Майнз” хоёр компанийг авчихсан байна. “Саусгоби сэндс” болон “Саусгоби ресорсиз” хоёр нь хоорондоо ямар ч холбоогүй. Нэг толгой компанийн охин компаниуд нөгөөгийнхөө хөрөнгө, ямар нэг зүйлийг барьцаалж, ашиг олох эрхгүй. Ингэж ижил нэрийн компани байгуулж, төөрөгдүүлж байгаа нь Компанийн тухай хуульд байдаг нэрийг адил төстэй байдлаар ашиглаж, бизнес хийхийг хориглоно гэдгийг зөрчиж байна. “Саусгоби ресорсиз” корпорацийн нэр дээр нэг ч тусгай зөвшөөрөл байдаггүй. Үүгээрээ хятадуудыг луйвардаж байгаа юм. 2010 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Айвенхоу Майнз” компани 730 сая ам.долларыг гэрээний үүргээрээ оруулах ёстой. Энэ мөнгөө оруулахын тулд хиймлээр байгуулсан компанийнхаа 25 хувийг Хятадын хөрөнгө оруулалтын корпорацид 2009 оны арваннэгдүгээр сард 500 сая ам.доллараар зарсан.  Харин 2010 оны нэгдүгээр сард Хонгконгийн бирж дээр хиймлээр байгуулсан компанийнхаа хувьцааг зарах замаар ахиад 450 сая ам.доллар босгосон. Тэр жилийнхээ тавдугаар сард Хятадын хөрөнгө оруулалтын корпорациас дахиад 250 сая ам.доллар зээлсэн. Гэх мэтчилэн Монголын баялгаар гадны хөрөнгийн бирж дээр тоглож, хөрөнгө босгож байна. Хийсвэр компаниар Оюутолгойн бүтээн байгуулалтын хөрөнгийг босгоод, бидэнд эргээд 34 хувийн хүүтэй зээлүүлж байна. Хятадууд ямар ч лицензгүй компанийг худалдаж аваад байгаа юм.

-“Айвенхоу Майнз”-ын хууль бус арилжааны хэрэг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай ямар сэдлээр холбогдоно гэж?

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэвшүүлсэн Тавантолгойн авлигын хэрэг, тэрбум ам.долларын арилжааны асуудлыг олон түмний анхаарлаас гаргахын тулд өнөөдөр баривчилгаа хийж, өөр асуудалд хандуулж байна гэсэн гаргалгаа хийж байна. Цаашдаа ч нарийвчлан шалгаж байна.

-Үүнээс болж Монголын нүүрсний ордуудын лицензийг алдсан гээд байгаа?

-Нэг сайн мэдээ бол, “Саусгоби” гэдэг компанийн эзэмшиж байгаа нүүрсний лицензүүдийг алдчихлаа гэж ярьж байна. Харин алдаагүй гэдгийг баттай хэлэх байна. Нэгдүгээрт, хувьцааг зараад байгаа хийсвэр компанитай “Саусгоби сэндс” ямар ч холбоогүй. Хэрэв би худлаа хэлсэн бол чаддаг юм бол намайг шүүхэд өг. Хоёрдугаарт, лицензийг буруу хийсэн. Гуравдугаарт, хийсвэр компани байгуулсан. Дөвөрвдүгээрт, Компанийн тухай хуулийг зөрчсөн учраас бид нүүрснийхээ лицензүүдийг алдаагүй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж