
Хэрэв Цэцийн дүгнэлтийг хүлээн авбал санал хураалт болоход зургаан сар үлдээд байхад Сонгуулийн хуульд гар хүрч болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчих юм. Үүнээс гадна МАН-ын бүлэг дангаараа Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд төлөөллийн байгууллага болох УИХ-ын зарчмыг зөрчинө. УИХ дахь АН-ын бүлгийг эсрэг байр суурьтай байхад нэг нам дангаараа Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл сонгогчдын төлөөллийн нэг хэсгийн саналыг үл хайхарсан асуудал үүсэх юм. МАН-ын Удирдах зөвлөлийн зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд “Цэцийн дүгнэлтийг хүлээн ав” гэсэн тулгалт хийж байгаа юм байна. Ингэж УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нэг намын Удирдах зөвлөл халдаж таарахгүй гэсэн яриа гишүүдийн дунд гарч эхэлжээ.
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн, төлөөллийн байгууллагын мөн чанарыг алдагдуулж дан нэг намын бүлгийн шийдвэрээр асуудалд хандсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж мэдэхээр байдал үүсээд байна.
Иймд одоо болох санал хураалтаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж УИХ-ын дийлэнх гишүүн үзэж байгаа юм байна.