Р.Санторум Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Р.Санторум Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших сунгааны гол өрсөлдөгч Рик Санторум нэрээ татжээ. Р.Санторум “Өдийг хүртэл надад итгэл хүлээлгэж байсан хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье. Гэхдээ Митт Ромни бол сайн улстөрч гэдэгт итгэж болно” гэжээ. Тэрбээр эхнэр Изабелла Санторум нь хүндээр өвчилсөн учир ийм алхмыг хийсэн аж. Эхнэр нь энэ сарын 6-нд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд синдром хэмээх өвчнөөр өвдсөн нь тодорхой болжээ. Р.Санторум кампанит ажлаа түр хугацаанд зогсоон, дахиж үргэлжлүүлсэн ч энэ удаад сунгааг бүрмөсөн орхихоор шийдсэнээ мэдэгдлээ.

Шинжээчдийн таамаглаж байс­наар Р.Санторум, М.Ромни нар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өрсөлдөх боломжтой хүмүүс байсан юм. Харин энэ удаад М.Ромни намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд шууд нэр дэвших нь бараг тодорхой болж байгаа талаар шинжээчид хэлж байна. Гэсэн ч шинжээчид “Митт Ромни шууд ялалт байгуулна гэж хэлэхэд арай эрт байна. Ньют Гингрич л гэхэд нэг дор хоёр мужид тэргүүлэх саналтай болж ялалт байгуулж байсан учраас гэнэт ширүүсэхийг хэлж мэдэхгүй” гэсэн байна.

Нам доторх сунгаа эхэлснээс хойш тэрбээр 275 санал цуглуулж Митт Ромнигийн ард бичигдэж байсан юм. Нөгөө хоёр өрсөлдөгч Ньют Гингрич, Рон Пол нарын хувьд Митт, Рик хоёроос хамаагүй хол хоцорч байгаа билээ. Бүгд найрамдах нам доторх сунгаанд Р.Санторум 11 нутагт ялалт байгуулж байсан. Харин түүний хүчтэй өрсөлдөгч М.Ромни 18 газарт ялалт байгуулаад байсан юм. Бусад нэр дэвшигчид Ньют Гингрич, Рон Паул нар тэднээс саналаар нэлээд хойно яваа юм байна. Р.Санторумын амжилт Миннесота, Мисури, Колорода мужаас эхлэн, нэг дор гурван газарт ялалт байгуулж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ.

Б.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж