“Бээжин-2008” олимпын наадам эхэлж байсан түүхтэй. Тухайн үед “БиБиСи”
болоод бусад олон улсын агентлагуудаар олимпын бэлгэ тэмдэг болсон
Хятадын хулсны баавгайн тухай мэдээлэл энд тэндгүй тархаж байсан юм.
“Зөвхөн
Хятад улсад амьдрах, хулсны баавгай гэх энэ панда нь нутгийнхаа
онцлогийг шингээсэн амьтан юм. Тус улсын Засгийн газраас пандаг зарим
улс орнуудад гэрээний дагуу хэдэн жилээр түр хугацаанд нутаглуулдаг.
Гэвч өдгөө ховордоход хүрээд байгаагаас Хятадын эрх баригчид олимпын
бэлгэ тэмдэг болгон олон улсад сурталчилж байгаа” зэргээр бичиж байсан
санагдана. Энэ үед манайхан ч пандагийн хөөрхнийг гайхан шүтэж байсан
цаг саяхан. Гэтэл бид чинь ч мөн тэдэн шиг бэлгэ тэмдэг болгочих
үндэсний баавгайтай гэдгээ умартаж орхисон болов уу.
“Мазаалайг
харахад үнэхээр өхөөрдмөөр. Унтаж байгаа нь хүртэл хөөрхөн байдаг.
Аргагүй л манай говийн онцлогийг шингээсэн амьтан гэдэг нь яалт ч үгүй
үнэн шүү” хэмээн Биологийн хүрээлэнгийн мазаалай судлаач Т.Одбаярын үнэн
сэтгэлээсээ өхөөрдөн хэлж байгааг нэг биш удаа сонсож байсан юм.
Гэтэл бид чинь ч гэсэн хараад өхөөрдөн, хайрлах бас нэгэн баавгайтай
хүмүүс шүү дээ. Даанч, хараад хайр хүрэх нь битгий хэл зургийг нь хараад
иймэрхүү амьтан байдаг шүү гэж мэдэх хүн ч цөөхөн байдаг юм билээ. Энэ
талаар бяцхан судалгаа явуулахаар нийслэлийн Ерөнхий боловсролын
сургуулийн аравдугаар ангийнхнаас энэ тухай асуухад бүгд нэрийг нь
дуулснаас бус Монгол оронд л цорын ганц байдаг, ховор амьтан гэдгийг нь
мэдэхгүй байв. Дээрээс нь зургийг нь харсан хүн хоёрхон байсан юм. Бусад
нь зураг битгий хэл мазаалай гэдэг нь баавгайны төрөл гэдгийг ч
ялгахгүй юм билээ. Харин бага ангийнхнаас асуувал ахлах ангийнхныгаа
бодвол ямар ч гэсэн баавгай гэдгийг нь мэдэж байлаа. Гэхдээ л зургийг нь
хараа ч үгүй. Уг нь мазаалай хамгаалах нийгэмлэгийнхэн хүүхдүүдэд
ялангуяа бага насныханд таниулахын тулд дуунд хүртэл оруулах хэрэгтэй
хэмээн ажил үүргийн заалт дээрээ тусгасан байсан. Гэвч мазаалайг
хүүхдүүдэд таниулна гээд хэдхэн хүмүүс зүтгээд байхад ерөөс хүчтэй
нөлөөлж чадахгүй гэдгээ хэлж байсан.
Тэгтэл цаана чинь хятадууд
үндэсний баавгайгаа хамгаалахын тулд өөрсдөө ажиллаад зогсохгүй
гадаадынханд таниулах гээд олимпын бэлгэ тэмдэг хүртэл болгоод байна.
Энд тэнд мазаалай хамгаалах сангууд байдаг бөгөөд их бага хэмжээгээр
ядаж бяцхан хүүхдүүдэд ч гэсэн таниулах тал дээр блогоор дамжуулан
ухуулга хийдэг харагдсан. Мазаалай бол Монголын говь цөлийн онцлогийг
шингээсэн цорын ганц баавгай. Хамгийн сүүлийн судалгаагаар тоо толгой нь
дөнгөж 25-30 байгаа гэсэн дүн гарсан байна.
Монголын ховор ан
амьтад ээлж дараатайгаар ховордсоор мөхөхийн ирмэг дээр ирээд байгаад
Биологийн хүрээлэнгийнхэн ихэд санаа зовнидог тухайгаа хэлж байсан.
Жишээ нь1980-иад онд 40 мянга орчим аргал хонь, 140 мянга орчим халиун
буга тоологдож байсан бол 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль
хонь, 10 мянга орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000
орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим болсон гэжээ. Энэ мэтчилэн
зөвхөн манай оронд л байдаг ховор амьтдаа хамгаалах арга хэмжээг
дорвитой авахгүй байсаар үлгэр домог шиг яриа л үлдэх вий хэмээн ШУА-ын
ажилтан Т.Одбаяр санаа алдан ярьсан юм. Зөвхөн арван жилийн хугацаанд л
ховор амьтдын 80-90 хувь нь устаж үгүй болсон дүр зураг харагдаж байна.
Мэдээж
хүн бүр мазаалайд тусалъя гээд баянбүрдэд нь очоод ус, өвс зөөгөөд байх
утгагүй. Тэгээд ч хүний хөлөөс дайждаг амьтан. Мэдээж манай Монголд
олимпын наадам зохиотлоо багагүй хугацаа шаардагдах байх. Тэгэхээр
Хятадууд шиг олимпын бэлгэ тэмдэг болгож одоохондоо чадахгүй юм аа гэхэд
ядаж цагаан сар, эсвэл эрийн гурван наадам зэрэг үндэснийхээ нэг баярын
бэлгэ тэмдэг болгоод, мазаалайн түүх, онцлогийн талаар ач гуч, үр
хүүхдүүддээ ярьж өгч байвал яасан юм. Ядаж л бид өөрсдөө эхний ээлжинд
мазаалайнхаа талаар мэдлэгтэй байж, харийн пандаг өхөөрдөж байснаас
монголынхоо ганц баавгайг хайрлах сэтгэлтэй байя л даа.
http://www.mminfo.mn/