Орон сууцны асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны асуудлыг удахгүй шийдвэрлэнэ

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 13-нд Төрийн ордонд болно. Түүгээр ард иргэдийн болоод төр засгийн анхаарлын төвд буй 100 мянган айлын орон сууцны эргэн тойрон дахь асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ тухай зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Шинэ бүтээн байгуулалтын тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Г.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон ойролцоогоор 700-800 барилгын салбарын компанийн төлөөлөл оролцох ажээ.

Урин дулааны цаг ирэхтэй давхцан барилгын салбар хөдөлгөөнд орох энэ үед барилгын салбарын зөвлөгөөнийг зохион байгуулдаг бөгөөд барилгын салбарын тулгамдаж буй  асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний зорилготой аж. Энэ удаад зөвлөгөөнөөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц”-ны төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тухай голчлон хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан орон сууцны  м/кв-ын үнийг 850-1,100 мянган төгрөгт барих эсэх, урд нь байр авч байсан хүн зээлд хамрагдах боломжийг хэрхэн хангах асуудлуудыг нэг мөр болгох юм байна. Тэгэхээр барилгын компаниудын үнийн хөөсрөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 13-нд болох зөвөлгөөнөөр шийдэх гэнэ.

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвээр, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “100 мянган айлын орон сууц төслийг хэрэгжүүлэхэд нийслэл хотын үүрэг оролцоо”, Сангийн сайд Д.Хаянхярваа “2012 оны улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хөтөлбөр, төслийн хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, асуудлыг хөндөх ажээ.

Харин барилгын компаниудын м/кв-ын үнийг тогтоох тухай тушаал одоохондоо гараагүй бөгөөд энэ талаарх асуудлыг шийдвэрлэхээр гарын үсэг цуглуулах шатанд явж байгаа юм байна.  МҮЭХ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран энэхүү үнийн талаарх шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнг дөрөвдүгээр сарын 11-нд танилцуулах гэнэ.

“100 мянган айлын орон сууц”-ны эргэн тойрон дахь асуудлаар ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Орон сууцны м/кв-ын үнийг тогтооно гэсэн. Хэзээ хэрэгжих бол?

-Одоогийн байдлаар м/кв-ын үнийг салбарын сайд болон мэргэжилтнүүд 850-1,100 мянгад барих боломжтой гэсэн санал дэвшүүлж, асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Үндсэндээ үнийн тушаал, тогтоол гараагүй байгаа. Харин бодит хэрэгжилтийн хугацааг хоёр долоо хоногоос хэтрүүлэхгүй гэж тооцоолж байна. Ер нь энэ хугацаа боломжтой юм.

-100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой барилгын компаниуд үнэ хөөргөдөж байна гээд байгаа?

-Ер нь хөөсөрсөн үнэ байна гэж хэлж болно. Барилгууд сүндэрлэх бодит өртгийг урд өмнө нь нарийн тооцож, зааж байгаагүй юм. Учир нь урд нь үнэ барьсан, дундаж дүн буюу хууль эрх зүйн орчин байгаагүйтэй холбоотой. Харин одоо бол улс орон даяар 2016 он хүртэл хэрэгжих “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн 100 мянган айлын төслийн хүрээнд барих барилгын компаниудын м/кв-ын үнэд хязгаар тогтоосон нь одоо бол эрх зүйн орчин болж өгөх давуу талтай юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж