
Энэхүү шинэ цомгоороо Д.Болд монгол поп урсгалаа улам гүнзгийрүүлж, манлайлагч, хошуучлагч нь байдаг имижээ улам тодотгоно хэмээн хөгжмийн мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Д.Болд монгол поп урсгалаа үг нь мэргэн, аялгуу нь уянгалаг олон сайхан дуугаараа илэрхийлээд зогсохгүй, эдлэл хэрэглэлээрээ өргөжүүлэн баяжуулж байгаа билээ. Үүний нэгээхэн илрэл нь хүннү загварын монгол дээл нь юм. Жийпний үнээр хийлгэсэн хэмээн шуугиж байсан энэхүү жишүү энгэртэй дээл моодонд орсноор УИХ-ын гишүүд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Баярсайхан нарыг ийн гангарахад хүргэсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл ижилсээд амжсан билээ. Урлагийнхан дотор ч энэхүү моод ихэд түгж Дээгий, Амараа нар хүннү дээлээр сондгойрох болсон. Тэрбээр энэхүү моод дэлгэрүүлэгч, манлайлагч байх имижээ шинэ цомгоороо дахин батлахаар ажиллаж байгаа гэсэн.