Ц.Энхбаяр: Иргэний нэхэмжлэл гаргана

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаяр: Иргэний нэхэмжлэл гаргана

МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд  2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний  үеэр амиа алдсан хоёр иргэний ар гэрийнхэн болох Ц.Энхбаяр, н.Тунгалаг болон “Иргэдийн Алъяанс” төвийн тэргүүн Ж.Занаа нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр тушаал  биелүүлсэн цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас дөрвөн хүний амь нас эрсдэж, мянга орчим иргэнийг албадан баривчилж, урьдчилан хорих төвүүдэд эрүүдэн шүүсэн. Энэ бүх буруутай үйл ажиллагаанд тухайн үед цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой” гэв. Үйл явдлын эргэн тойрон дахь асуудлаар хохирогч Ц.Энхбаяраас тодрууллаа.

-Цагдаагийн ар гэрийнхэн “Цагдаа нарыг хилсээр яллах гэж байна, шүүх шударга бус шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдсээр байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Цагдаагийн дөрвөн даргыг хариуцлага алдсан хэргээр шүүх гэж байгааг Монголын бүх цагдааг шүүж буй мэтээр ярьж  болохгүй. Гурван удаа зарласан шүүх хуралд хохирогчид, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн тухайн үед буудуулж шархадсан залуус өөрсдийн биеэр ирсэн ч харамсалтай нь удаа дараа хойшиллоо.  Одоо дараагийн шүүх хурал чухам хэзээ  болохыг  нуулгүй хэлж, тэр цагтаа биднийг шүүх хуралд дуудахыг шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс хүсмээр байна.  Шүүх хурлын зар тараачихаад байхад элдэв өвчин зовлон тоочин шүүх хурлыг хойшлуулж байгаа нь буруу. Цагдаа нарын зовлонг сонсч тоглоом болмооргүй байна. Сахарын өвчин гэдэг бол хэнд ч байдаг. Зөвхөн цагдаагийн экс дарга нар өвдөөд үхэх гээд байгаа юм биш.

-Таныг өмгөөлөгчөөсөө татгалзаад өөрөө өөрийгөө өмгөөлнө гэсэн яриа байсан?

-Эрүүгийн хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгчөөсөө татгалзах бодол алга. Харин эрүүгийн хэргийг эцэслэн шийдсэний дараа иргэний нэхэмжлэл гаргах бодолтой байгаа. Тэр үед өмгөөлөгчийн хэрэггүй юм болов уу, өөрсдийгөө өмгөөлчихөж болох юм шиг байна гэж  бодсон хэрэг.

-Ямар үндэслэлээр иргэний нэхэмжлэлээ гаргах гэж байгаа юм бэ. Төрөөс  талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгосон биз дээ?

-2009 оны долдугаар сарын 9-нд Нөхөн олговрын тухай хуулийг төрөөс гаргаж, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүрт нь 50 сая төгрөг олгосон. Энэ бол бидний санаж бодож байгаа нөхөн олговор биш. Тухайн үеийн МАХН буюу одоогийн Ардын намын байрыг 11 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр босгох тооцоо гарсан. Тэр үед намын байранд ийм их мөнгө зарцуулж байгаа юм чинь хэл ам гаргана гэдэг үүднээс  бидэнд тэр нөхөн олговрыг олгосон  болов уу. Би үр хүүхдээ 50 сая төгрөгөөр үнэлэхгүй. Хэрэв би энэ мөнгийг аваад чимээгүй байх юм бол “Үр хүүхдээ 50 сая төгрөгөөр үнэлж байна” гэсэн яриаг хүлээн  зөвшөөрсөн хэрэг болно. Өнөөдөр хүний амийг хог шиг үздэг болчихож. Үүнийг таслан зогсоох зорилгоор нэхэмжлэл гаргана гэж бодож байна.

-Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн бүгд нэхэмжлэл гаргаж байгаа юу?

-Тийм. Мөн тухайн үед шархадсан хүүхдүүдийн ар гэрээс ч нэхэмжлэл гаргахад нэгдэж байгаа. Эдгээр хүүхдийн одоогийн бодит хохирол л гэхэд 100 гаруй сая төгрөг байна.

-Хүний амийг мөнгөөр хэмжиж боломгүй. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргахад тодорхой мөнгөн дүн байх хэрэгтэй болов уу. Хэдэн  төгрөг нэхэмжлэх вэ?

-Одоогоор энэ талаар ярихгүй. Эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа иргэний нэхэмжлэл гаргах эрх үүсэх юм. Тэр үед нь энэ талаар ярина.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж