Б.Сарантуяа шүүгчийн хувьд эрүүгийн хэргийн чиглэлээр мэргэшсэн. Томоохон хэргүүдийг шүүж байсан туршлагатай. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч гэдэг утгаараа давж заалдах шатанд байгаа бүхий л томоохон хэрэг түүний гараар дамждаг билээ. Энэ хатагтай долоодугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарыг шүүн таслах ажиллааны хүрээнд гарч буй бүхий л маргаантай асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Хуульд юу гэж заасан байдгийг тайлбарласан гэвэл илүү онож ч мэднэ. Тэрбээр “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шүүх хуралдааныг хаалттай явуулах ёстой. Аль нэг нам эвсэл, хувь хүний шахалтаар шүүх хурлыг нээлттэй явуулах бол шүүх өөрөө хууль зөрчиж таарна” гэв. Мөн “Өмгөөлөгч нар шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан нь шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, шүүхийн бие даасан, хараат бус байдалд бүдүүлгээр халдсан, холбогдох хууль тогтоомж болон өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл. Хүн гэдэг амьтан хөх тэнгэрийн дор төрдөг. Тэгэхдээ хуульд захирагдах учиртай” гэв. Бас шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийг түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандсан талаар “Хэрэг нэгэнт шүүхэд шилжсэн. Тэгэхээр энэ бүх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ. Өөр арга байхгүй” гэсэн тайлбар хийв. Б.Сарантуяа шүүгч шүүхийг ийнхүү өмөөрөв. Харин түүний тайлбарыг няцаах хүн гарч ирэх болов уу.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин