Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр нэг уран бүтээлийг шалгаруулж, “Алтан бийр” цом, мөнгөн шагнал олгодог уламжлалтай. Энэ шагналыг СУИС-ийн оюутан П.Батбаярын “Хязгаар үгүй” нэртэй зотон зургийн бүтээл хүртлээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн шилдгээр график төрлийн бүтээл шалгарч байсан бол энэ удаа “Хязгаар үгүй” хэмээх монгол зураг тэргүүлж байна.
“Алтан бийр” шагналын эзэн П.Батбаяртай цөөн хором ярилцлаа.
-“Хязгаар үгүй” бүтээлээрээ “Алтан бийр” шагнал хүртлээ. Бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Хавтгай дээр орон зайг илэрхийлэхийг хүссэн. Орон зай хязгааргүй гэдэг санааг давхар гаргасан юм. Хамгийн гол нь, энэ бүтээлээрээ Монголын үндэснийхээ хэв шинжийг харуулъя гэж зорьсон. Харин “Алтан бийр” шагналыг санаандгүй байж байгаад авчихлаа. Их баяртай байна.
-“Алтан бийр” үзэсгэлэнд өмнө нь оролцож байв уу?
-Өнгөрсөн жил бүтээлээ өгсөн.
-Аль сургуульд сурдаг вэ?
-СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн гуравдугаар курс. Цэвэр уран зургаар суралцдаг. Энэ чиглэлээрээ уран бүтээл хийе гэж бодож байгаа. Гэхдээ цаашид өөр чиглэл рүү хөрвөх чадвартай байхын тулд сайн суралцах нь чухал байна.