Монголын уламжлалт их баяр цагаан сарыг угтаж, монгол ёс заншил, соёл уламжлал, үндэсний хувцсаа олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулах зорилгоор Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар “Монгол гоёл” нэртэй нэг сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Уг аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, харъяа газар хэлтэс алба, хороод, ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, коллежууд хамрагдах гэнэ. Тус аяны хүрээнд 157 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулжээ. Энэ өдөр бүх хүүхдүүд үндэсний хувцсаараа гоёсон байв. Цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний тоглоом наадгайгаар наадаж, монгол ардын дуу дуулж авъяас билгээ уралдуулсан юм. Тус цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд мэндлэх хүндлэх ёс, ардын дуу, үндэсний тоглоом наадгайгаар хэрхэн тоглохыг заахыг эрхэм болгодог ажээ.
Д.Жаргалсүрэн