Шүүх шинэчлэгдэж байна. Нэг хэсэг иргэдийн дунд хаалттай, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй харьцдаг, төрийн төмөр нүүрийг хамруулдаг, буруутай бүхнийг ялладаг байсан шүүх өнөөдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд анхаардаг, ач холбогдол өгдөг болсны дээр нээлттэй байх зарчмыг гол болгогдог болжээ. Ингэж хэлэхийн учир нь ард иргэд байтугай, дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийнхний өмнө хаалттай байсан, мэдээлэл өгдөггүй байсан шүүх өөрчлөгдөж, сэтгүүлчдийн чөлөөт ярилцлаганд урьсан юм. Дархан-Уул аймгийн шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх сэтгүүлчдийг анх удаа урьж, тэдэнд хандан нээлттэй ил тод болсноо зарлаж байна. Шүүх хүн бүрийн өмнө нээлттэй байх иргэний танхимыг байгуулсан. Үүний зэрэгцээ гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд шүүхийн лавлагаа, мэдээллийн санг үүсгэж ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр сэтгүүлчид шүүх тэр бүр мэдээлэл өгөөд байдаггүй гэсэн шүүмжлэлийг хэлж байсан ч, нөгөө талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн хувьд “DBS” телевизтэй хамтран хуулийн цаг нэвтрүүлгийг үзэгчдэд тогтмол хүргэдгээс гадна, сар бүрийн шүүн таслах ажиллагааны мэдээлэл, шүүхийн шинэчлэл, шүүгчийн ачаалал тойрсон цуврал сурвалжлагыг олон нийтэд энэ онд хүргэж ажилласныг дурдах хэрэгтэй. Цаашид ч энэ хамтын ажиллагааг сайжруулах болно гэдгээ хэлж байсан юм.
2011 онд хийсэн ажлаа шүүхийнхэн дүгнэж байгаагийн дээр, энэ онд хийгдсэн хамгийн том алхам бол хаалттай мэтээр ойлгогддог байсан шүүхийн хаалгыг иргэдэд нээж өгсөн явдал байснаа онцолж байлаа. Хөтөч шүүхийн туслах үйлчилгээ, өнөөдөр шүүх мэдээллийн үйлчилгээ болон нээлттэй танхим зэргийг тэд улсын хэмжээнд анхлан санаачилч, хэрэгжүүлсэн өнгөрсөн оны хамгийн сайн менежменттэй хамт олон. Энэ амжилтаа бататгахын тулд ч шүүхийн шинэчлэлийн эхлэлийг амжилттай тавьж байна. Шүүхийн үр нөлөөг сайжруулж, бүх нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, шүүхийн талаар ойлголтыг ард түмэнд бодитойгоор хүргэхэд сэтгүүлч-шүүгчдийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй.
М.Дэлгэржаргал