“Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигч болох 600 иргэн бий. Тэд хувьцаа эзэмшигчдийн хурал хийж ТУЗ-өө сонгосон байна. Уг ТУЗ-өөс Үндсэн хуулийн Цэцэд Засгийн газар Үндсэн хууль зөрчин 2009 онд 348 дугаар тогтоол гаргаж, “Зоос” банкийг төрийн өмч болгосон эсэхийг нягталж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байна. Тэд “Засгийн газрыг үндсэн хуульд харшилсан тогтоол гаргаж, иргэдийнхээ хөрөнгийг төр дайчилсан нь Үндсэн хуулиас гадна Компанийн тухай, Үнэт цаасны тухай, Банкны тухай хууль зэрэг арав гаруй хуулийг зөрчсөн” гэж байгаа юм. Тэд “Зоос” банк дампуураагүй бөгөөд одоогийн Төрийн банк нь “Зоос” банкны албан ёсны үргэлжлэл гэж үзэж байгаа аж. Учир нь банкны дампуурлыг шүүхээс батлаагүй байгаа юм. “Зоос” банк дампуураагүй гэдгийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан баталсан байна. Тэрбээр “Тус банкны нэгэн хувьцаа эзэмшигчид Монголбанкны энэ жилийн төсөвт “Зоос” банкны хувьцаа эзэмшигч хохирогчдод зориулж мөнгө суулгасан ч тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярт холбоотой хэргийг прокурорын газарт хянаж байгаа учир хохирлыг барагдуулах боломжгүй. Түүний асуудлыг шийдсэний дараа хохирлыг барагдуулах боломжтой” хэмээсэн байна.
“Зоос” ХХК-ийг 2005 онд нээлттэй хувьцаат компани болгож, 2006 онд 1000 төгрөгийн үнэ бүхий хоёр сая хувьцаа арилжаалав. Харин 2008 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк “Зоос” банкны 3.6 сая ширхэг хувьцааг 2500 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж, 25 хувийг нь эзэмшигч болсон юм. Яг энэ үед ХААН банкны гүйцэтгэх захирал асан Петр Морроу болон тус банкинд урилгаар ТУЗ-д нь ажиллаж байсан Бен Турнбул нарын хооронд үл ойлголцол үүссэн байжээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкныханд /ЁСБХ-ийн банк/ Монголын эдийн засгийг мэддэг банкир хэрэгтэй байсан тул Бен Турнбулыг “Зоос” банкин дахь Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагаар сонгож, тус банкинд менежментийн шинэчлэл хийхээр ажиллуулсан байдаг. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас томилогдсон найман гишүүн бүхий ажлын хэсгийнхэн шинэчлэлийнхээ хүрээнд “Зоос”-ыг 41 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байна хэмээн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, дампууруулах эхлэлийг нь тавьсан гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас “Зоос” банкийг төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргаж, гүйцэтгэгчээр нь Сангийн яамыг томилж, тав хоногийн дараа “Зоос” банкийг татан буулгасан. Үүнээс яг хоёр сарын өмнө Ерөнхий сайд асан С.Баяр С.Батболдод ажлаа өгсөн учир С.Батболд бус Сангийн сайд С.Баярцогт “Зоос”-ыг дамдууруулж, Төрийн банкийг байгуулах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан хэмээн тус банкны жижиг хувьцаа эзэмшигчид үзэж байгаа юм байна.
Төрийн банк байгуулахдаа “Зоос” банкны активийг хоёр хувааж, сайн зээлийг нь Төрийн банкинд авч, мууг нь эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Одоо эрх хүлээн авагч А.Ариунболд нь сард таван сая төгрөгийн цалин, түүний хуулийн зөвлөх нь гурван сая төгрөгийн цалин авдаг учир өр, зээлийг нь барагдуулах сонирхолгүй байдаг талаар ч “Зоос”-ын жижиг хувьцаа эзэмшигчид дурссан юм.
Харин нөгөө талд нь идэвхтэй активыг нь “хамсан” Төрийн банкны захирлаар “Зоос”-ыг дампууруулсан Бен Турнбул улиралд тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Зоос”-д оруулсан хөрөнгөө цэвэрхэн босгоод алга болсон гэх. Энэ бүх жүжгийг найруулахын тулд Европын сэргээн босголт хөгжлийн банктай нууц гэрээ байгуулсан байсан нь энэ оны дөрөвдүгээр сард ил болсон хэмээн “Зоос”-ын жижиг хувьцаа эзэмшигчид хардаж байгаа аж. Учир нь тухайн үед Европын сэргээн босголтын банктай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир Төрийн банкны захирлаар монгол хүнийг томилж байгаагаа Сангийн сайд Ч.Ганхуяг олон нийтэд дэлгэж байсан. Товчхондоо тэд “Зоос”-ыг дампууруулах нь Европын сэргээн босголт хөгжлийн банкаар халхалсан сайтар найруулсан жүжиг байсан гэж үзэж байгаа аж. Учир нь Европын сэргээн босголт хөгжлийн банк найман сая ам.долларыг “Зоос” банкинд хөрөнгө оруулсныхаа төлөө удирдлагыг нь гартаа авч, блансыг нь хасах гаргаж, Төрийн банк байгуулан мөн л удирдлагаар нь 1.6 жил ажиллаад Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувийг аваад гарсан гэх.
“ЗООС”-ЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧИД ЮУ БОЛОВ
Тухайн үед “Зоос” банкны удирдлагад байсан Д.Батбаяр, Ш.Чуданжий, Н.Сэлэнгэ, Н.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хоёр хувааж, өнгөрсөн зургаадугаар сард Сэлэнгэ, Н.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн байна. Тус банкны ТУЗ-ийн дарга асан, 51 хувийг нь эзэмшигч Д.Батбаяр “УИХ-ын гишүүн С.Баяр, Ч.Улаан, Ардын намын нарийн бичгийн дарга асан Л.Амарсанаа нарыг санхүүжүүлж байсан” хэмээн банкныхаа асуудлын талаар ямар нэгэн зүйлийг яриагүй аж. “Зоос” банкны 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, “Ойн мод”, “Нэгдэлчин” компанийн мэдэлд байдаг. Харин 25 хувийг нь Европын сэргээн босголт хөгжлийн банк эзэмшдэг байсан. Үлдсэн 20 орчим хувийг нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байдаг бөгөөд үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байдаг аж. Одоогийн байдлаар жижиг хувьцаа эзэмшигчид гэх 600 орчим иргэн л “Зоос”-ын хохирогч болон үлдээд байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин