
Суут хүмүүс хөшөө болж, гудамж талбайд сүндэрлэн түүхэнд мөнхөрдөг нь соёлын өвийг хадгалах нэгэн арга гэж болно. Харин манайд бол арай биш ээ. Нэрийг нь уншихад хэл хугалам өвгөчүүд, эсвэл гэрийн тэжээмэл амьтаны хөшөө нийтийн зам талбайд бишгүй харагдах боллоо.
Өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн соёлын газраас хотод буй хөшөө дурсгалын тоолоход 167 орчим хөшөө дурсгал тоологджээ. Үүнээс 147 хөшөө дурсгал нь албан ёсны бүртгэлтэй, кадастрын зураг нь батлагдсан аж. Нийслэлийн хорооны тоотой эн тэнцүүхэн тоо шүү. Гэтэл сүүлийн жилүүдэд нэг жилийн дотор 2-3 хөшөө нэмэгдэж, дурсгал маань жинхэнэ утгаа алдаад байна уу гэх хардлага төрөх шиг.
Дуунд зориулсан, шүлэг сийлсэн, албан байгууллагын нэрэмжит, аль газрын хаан эсвэл хулгайч нь тодорхойгүй таягтай таяггүй, морьтой, явган, хувцастай, хувцасны тамтагтай, эр эм, хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй нь мэдэгдэхгүй хөшөө, дурсгал сүндэрлэх боллоо. Тэднээс хамгийн өнгөлөгч хийгээд үзэмжтэй нь шар айраг барьсан хүний, эсвэл шар айрагны хөшөө байх жишээтэй.
Өнгөрсөн долоо хоногт орчин үеийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж Ш.Сүрэнжавын “Багш” найраглал хөшөөтэй болж, багшийн гэж нэрийдэх боллоо. Түүний өмнөхөн буюу өнгөрсөн зургадугаар сард “Маамуу нааш ир” хэмээх дуу хөшөөтэй болсон. Залуучууд, тэр дундаа ирээдүй хойч үе маань дэргэдүүр нь өнгөрөхдөө энэ хэний хөшөө, хэн барьсан, ямар зорилготой гэдгийг үл анзаарна. Гандийн хөшөөг нь мэдэхгүй хүн байхгүй мэт санагдавч Ганди гэгч хэн бэ гэдгийг мэдэх хүн ховор.
Хойд хөрш 1960-аад оноос И.М.Сталиныг тахин шүтэхийг болиулах зорилгоор хөшөө дурсгалыг нь буулгасан байдаг. Харин манай улс Сталины хөшөөнөөс 1990-ээд он буюу ардчилалын үед хагацсан. Түүний нэгэн адил хагацмаар хөшөө Г.К Жуковоос эхлээд олон байна. Хэн дуртай нь хүссэн хөшөөгөө босгоод байдаггүй л баймаарсан. Үүнийг мэргэжилтнүүд хэлдэг. Нийслэлийн соёл урлагийн газрын мэргэжилтэн М.Отгончимэг “Хөшөө дурсгалыг барих тусгай комисс байдаг. Тэр комиссын хурлаар орж, дүүргийн Засаг дарга, ТҮК, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр баригддаг. Дуртай нь хөшөө барина гэж байхгүй. Дэлхийн аль ч улс оронд хөшөө босгох нээлттэй байдаг. Гэхдээ энэ нь үнэхээрийн түүх соёл, уламжлалыг илтгэхүйц байх шаардлагатай. Ер нь бол баригдсан хөшөө бүхэн түүхийн дурсгал гэж явахгүй. Хувь хүний уран бүтээл гэж явдаг. Харин хөшөө маань хэнд, юунд зориулагдсан гэдгээрээ тус хөшөөний агууламж, утга нь илэрхийлэгднэ. Дэлхийн бусад оронд, манайд ч 50-100 жилээс дээш жил байгаа хөшөө түүх, соёлын өв гэж хамгаалагддаг. Сүүлийн үед нэмэгдэж байгаа хөшөөнүүд нь уран бүтээл гэж нэрлэгдэж байгаа” гэсэн.
Нийслэлд төр нийгмийн зүтгэлтэн болон суут хүмүүсийнхээ алдрыг мөнхжүүлсэн хөшөө гэвэл Алтан өлгий дэх дурсгалыг эс тооцвол зөвхөн түүхт хүмүүүийн 30 гаруй хөшөө бий. Эдгээр хөшөөнүүд Сүхбаатар дүүрэгт олонхи нь байдаг аж. Хотын төв хэсэг болоод тэр биз. Энэ дүүрэгт зөвхөн Д.Сүхбаатарын хөшөө гурав, Ю.Цэдэнбалын хөшөө хоёр байх жишээтэй. Нүүдлийн соёлоос өнөөгийн соёлд шилжсэн монголчууд хөшөө дурсгалаа бүтээсэн нь IX зуун. Жинхэнэ урлагийн төвшинд баригдсан Д.Сүхбаатарын хөшөө баримлыг 1936 онд бүтээсэн гэдэг. Харин саяхан нэг засварласан. Тэгэхдээ орчин үеийн урлаг руу ойртуулсан юм байлгүй. Эмэгтэй хүний цээж шиг товгор болгочихсон байна лээ. Дээлний цаанаас цээж нь төвхийгөөд манай жанжин нилээд “бакь” байсан гэдгийг илтгээд ч байгаа юм уу даа. Чингис хааны хөшөө ч ялгаагүй дээ. Энх амгалан хаан шиг налайн суусан лагс бие дээр бяцхан нь аргагүй жижиг толгой тавьчихсан байх жишээний. Тэр толгойг сайн хараад байвал тухайн үеийн хотын дарга, өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай тун төстэй хүн байсан юм билээ шүү, Чингис хаан маань. Энэ мэтээр гоёмсог хөшөө олон. Загвар, хийцийн талаар ярьвал тэс өөр асуудал болох учир ингэсгээд орхиё. Нийтийн эзэмшилийн талбайд хэнийг нь ч танихгүй өвгөн, эмгэн, дууны, шүлгийн хөшөө босгохоо л больё гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд нэг жилийн дотор зургаан хөшөө бий болдог гэсэн судалгаа байна. Үүнээс харахад хөшөө нь жинхэнэ утгаа алдан хэн дуртай нэгний хийдэг ажил болон хувирахад ойрхон байгааг хэлээд өгөх биз. Удахгүй УИХ-ын гишүүд төрийн ордоны гадаа хурдан хүлгийнхээ, хотын захиргааныхан хайртай нохойны хөшөөг босговол гайхах юм алгаа.