
-Гурван талт хэлэлцээрийн үеэр цалин, тэтгэврийг яг хэдэн сарын, хэднээс нэмэхээр болсон бэ?
-Ямар ч байсан бидний ярьж тохиролцсоноор бол 2012 оны эхний улиралд багтааж хоёр үе шаттайгаар нэмнэ гэж тохиролцсон байгаа. Уг нь бол манай холбооноос ирэх оны гуравдугаар сар гэхэд нэмнэ гэсэн бодолтой байсан боловч Засгийн газраас тавдугаар сард нэмнэ гэсэн санал гаргасан. Энэ бүгдийг харгалзаад ирэх оны эхний улиралд багтаан хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцсон. Гэхдээ бид энэ оны сүүлийн улиралд эхний үе шатыг хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа.
-Тэтгэврийг хэрхэн нэмэх бол. Учир нь боломжийн тэтгэвэртэй хүмүүсийнх өндөрсөөд, багийнх нь болохоор бас л бага хэмжээгээр нэмэгддэг “туршлага” бий?
-Энэ үнэн. Иймэрхүү алдааг битгий гаргаарай гэсэндээ бид өнөөдөр /өчигдөр/ хамтарсан мэдэгдэл хийж байгаа юм. Бага болон дунд орлоготой иргэдийн цалин, тэтгэврийг арай ахиугаар нэмэх нь зүйтэй. Тэгвэл хоорондын зай арай багасна гэж бодож байгаа. Одоо 53 хувиар нэмэхдээ хөнгөн хуумгай хандаж хэрхэвч болохгүй. Бидний гаргаж байгаа санал бол 1995 оноос өмнө болон хойно гарсан хүмүүсийн тэтгэврийг хэрхэн нэмэх талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газар, манай холбооноос нэгдсэн ажлын хэсэг гаргаж нэмэх нь илүү үр дүнтэй гэж бодож байгаа. Бас бид хөгшчүүдийнхээ саналыг тусгах ёстой. Энэ утгаараа бид ирэх баасан гаригт МҮЭ-ийн Соёлын төв ордонд ахмадуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. Цалин дээр ч бас үүнийг ярих нь зүйтэй. Хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг нь харгалзаж нэмвэл илүү тэгшитгэлтэй болох болов уу гэж бодож байгаа. Ер нь манайх дээд, доод цалингийн хоорондын баланс дэлхийн төвшнийхөөс 60 дахин их байгаа юм. Уг нь дэлхийн дунджаар бол 8 байвал боломжийн гэж үздэг.
-Засгийн газар цалинг гурав дахин нэмнэ гэсэн мөрийн хөтөлбөр үүн дээр хэрэгжиж байгаа болов уу?
-Хэрэгжээгүй. Гурав дахин нэмээгүй шүү дээ. Үүнийгээ бодолцоод Засгийн газар нийт ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Ингэж ард түмнийг хуурч болохгүй. Олон ч жил хуурлаа шүү дээ.