Л.Энх-Амгалан: “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын бизнес болсон

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын бизнес болсон

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа.

Хуралдааны үеэр Боловсрол салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын хэсгийн тайланг сонссон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт их, дээд сургуулийн төлбөр өндөр байгааг шүүмжилсэн юм.

Тэрбээр “Мөнгөтэй нь их, дээд сургуульд ордог боллоо” гэв. Үүний хариуд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Их, дээд сургуулийг төлбөргүй болгох боломж нөхцөл бий. Гэхдээ төлбөргүй болговол төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах байх. Гэтэл санхүү эдийн засгийн хувьд боломж тааруухан байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан саналаа хэлэв. Тэрбээр “Өнөөдөр иргэд бага, дунд боловсролын шинэчлэлийг хүлээж байгаа. Түүнээс ганц нэг сургуулийн барилга, үдийн цай хөтөлбөр гэдэг бол хоёрдогч асуудал гэж бодож байна. Бага, дунд боловсролыг шинэчлэхийн тулд багш нартайгаа ажиллах ёстой. Боловсролын салбарт 45 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тэдний хөдөлмөрийн үнэлэмж бусад салбарынхаас үнэхээр доогуур. Тэгэхээр Монгол Улс багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах ёстой.

Финланд улс “толгой цохьдог” хүүхдүүдээ багш болгодог юм байна лээ. Хамгийн шилдэг хүүхдүүд нь багш болж, боловсролын салбар нь тэргүүлсэн. Япон, Солонгос, Сингапурын туршлага байна. Тиймээс дунд сургуульд сурч байгаа мэдлэгтэй, “толгойтой” хүүхдүүдээ багш болгох бодлого боловсруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсад чанартай боловсролын тогтолцоо бий болно.

Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн захирлуудын хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Тухайн сургууль, цэцэрлэгтээ 20 гаруй жил ажилласан, тэр газрынхаа эзэн болчихсон захирлууд олон бий. Сургуулийнхаа газрыг зардаг, хувьдаа хөрөнгөтэй болдог. “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирлуудын бизнес болсон. Сурагчийн дүрэмт хувцас хүртэл захирлуудын бизнес болчихсон. Багш нараа сонгон шалгаруулах гэж авлига авдаг. Хөдөөд бол үхэр аваад оронд нь ажилд авсан тохиолдол бий. Ажлын байрны дарамт маш өндөр болсон. Тиймээс цэцэрлэг, сургуулийн захирлуудын ёс зүй, ажлын хариуцлагыг ажлын үр дүнтэй нь уях хэрэгтэй. Тиймээс ажлын үр дүн тооцдог тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлага байна гэж би үзэж байна” гэв.

Ийнхүү гишүүд саналаа хэлж дуусаад, Байнгын хорооны тогтоол гаргалаа.

Энэхүү тогтоолд Боловсролын салбарыг шинэчлэх тухай цогц асуудал багтаж байгаа юм.

Т.НОМИН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж