“Боко Харам” дахин хэсэг охидыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

“Боко Харам” дахин хэсэг охидыг суллажээ

Гурван жилийн өмнө хулгайлагдсан охидоос арав гаруйг нь Нигерийн Исламын зэвсэгт бүлэглэл “Боко Харам” сулласан хэмээн Нигерийн Засгийн газрын төлөөлөгч мэдээллээ. Гурван жилийн өмнө “Боко харам” бүлэглэл сургуулийн насны 276 охидыг Нигерийн зүүн хойд хэсгээс хулгайлсан хэрэг гарсан.

Охидыг хулгайлагдснаас хойш Нигерийн Засгийн газар охидыг суллуулахаар “Боко Харам”-тай хэлэлцээ хийсээр байгаа юм. Хэлэлцээ удаан үргэлжилж байгаа ч одоогийн байдлаар сүүлийн охидыг оруулаад 80 орчмыг суллаж чадсан ажээ.

Нигерийн цахим мэдээллийн Sahara Reporters-ийн мэдээлж байгаагаар суллагдсан охид одоо Нигерийн зүүн хэсгийн Банки хотод онгоц хүлээж байгаа гэжээ. Охидыг тусгай бэлдсэн аюулгүй газарт аваачиж, тэдэнд юу тохиолдсон талаар асууж тодруулсны дараа гэрт нь буцаах юм.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухари гуравдугаар сарын сүүлээр “Боко Харам”тай байнга холбоотой байж үлдсэн охидыг суллаж авахаар хүчин чармайлт гаргаж байгаа хэмээн мэдэгдсэн.

“Боко Харам” охидыг цөөн тоогоор суллаж байгаа бөгөөд суллагдсан охидын хэлснээр 50 гаруй охин тэндээс зугтаж чадсан гэжээ. Мөн тэдний яриагаар охидыг лалын шашинд хүчээр оруулж, бүлэглэлийн дайчидтай хүчээр гэрлүүлдэг гэжээ.

“Боко Харам” бүлэглэл байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд Нигерийн Засгийн газрын тооцоогоор өнгөрсөн хугацаанд тэдний хулгайлсан хүний тоо 1000 давж, тэдний гарт амь үрэгдсэн хүний тоо 30 мянга хүрэх ажээ.

А.ТУЛГА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж