Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Мадам Макрон

БРИЖИТ ТРОНЬЁ ГЭЖ ХЭН БЭ?

Товчхондоо бол тэр Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэль Макроны 64 настай гэргий. Тэд 2007 онд гэрлэсэн. Нөхрөөсөө 25 насаар эгчмэд хатагтай Макроны ахлах сургуулийн багш байсан гэдэг.

ТЭД АХЛАХ СУРГУУЛЬД УЧИРСАН ХЭРЭГ ҮҮ?

Брижит Францын хойд хэсгийн Амьенс хотын хувийн сургуульд франц хэлний багшаар ажилладаг байв. Мөн тэр сургуулийнхаа театрын клубт багшилдаг байжээ. Харин Эммануэль драмын урлаг хорхойтон байв. Дээрх зураг бол сургуулийн театрчилсан тоглолтын төгсгөл дэх Эммануэль Макрон, Брижит нарын анхны үнсэлт юм.

Эммануэль “багшийн хайртай шавь” байсан гэдэг.

Эммануэль 18 настайдаа Парис руу нүүх үед Брижит удалгүй гэр бүлээ орхиод, залуу амрагаа дагажээ. Хожим нь “Paris Match” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Брижит “Эммануэль 17 настайдаа надад “Чамтай заавал гэрлэх болно!” гэж хэлж байсан” хэмээн ярьжээ.

Тэдний насны зөрүүг Эммануэлийн эцэг, эх хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. 40 настай Троньё хатагтайг 16 настай хүүгээс нь хол байхыг хүртэл гуйж байжээ. Ядаж 18 нас хүрч, нас бие гүйцтэл нь зайгаа барихыг хүссэн гэнэ.

БРИЖИТ ОДОО Ч ГЭСЭН БАГШААР АЖИЛЛАДАГ УУ?

Тэр багшийн ажлаа орхиод Эммануэль Макроны зааварлагч, зөвлөгч, үнэнч туслах нь болсон. Макрон ч түүнийг итгэлт зөвлөгч гэж тодорхойлсон байсан. “Тэр үргэлж Макроны дэргэд байж, түүний тухай хэлсэн, ярьсан, бичсэн болгоныг сонсож, уншдаг. Макрон ч эхнэрээсээ асууж, түүний зөвлөгөөг хүлээн авдаг” гэж “Paris Match” сонинд бичсэн байв.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Брижит нөхрийнхөө дэргэд байж, бүхий л үйл хэрэгт нь идэвхтэй оролцжээ. Бас тэр илтгэлээ бэлдэхэд нь Макронд тусалдаг гэнэ.

Хувь хүнийхээ хувьд Брижит хувцас загварт дуртай, Францын сэтгүүлүүд түүнийг “орчин цагийн хатагтай” гэж тодорхойлдог. Чинээлэг гэр бүлээс гаралтай тэрбээр Dior, Louis Vuitton гээд томоохон загварын ордны шоунд нүүрэн эгнээнд сууж харагддаг.

МАКРОНООС ӨМНӨХ АМЬДРАЛ

Макронтой учрахаас өмнө Троньё гэрлэсэн, гурван хүүхэдтэй байсан. Одоо хүүхдүүд нь хэдийн нас биед хүрч, тус тусдаа инженер, зүрхний эмч, хуульч мэргэжил эзэмшжээ. Брижит мөн долоон ач, зээтэй.

Брижит, Эммануэль нар өөрсдийн гэсэн хүүхэдгүй. Гэхдээ Эммануэль эхнэрийн хүүхдүүдийг, бас ач, зээ нарыг нь өөрийнхөө гэр бүл гэж нэрлэдэг.

Брижитийн эцэг, эх нь Амьенс хотын алдартай шоколадны үйлдвэрийн эзэд байв. Таван үе дамнасан гэр бүлийн бизнесийн жилийн орлого дөрвөн сая евро давдаг гэнэ. Тэдний макарон жигнэмэг гойд амттай гэгддэг аж.

БРИЖИТ ФРАНЦЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ БОЛОХ УУ?

Францын Тэргүүн хатагтай гэх албан ёсны нэршил, албан тушаал байхгүй. Төрийн тэргүүний гэргий, эсвэл нөхөр л гэж ярьдаг. Харин Макрон эхнэртээ зориулж Францын Тэргүүн хатагтай гэх хүндэтгэлийг албажуулж, тийм албан тушаал, орон тоо бий болгох саналтай байгаа гэнэ. “Хэрэв би ерөнхийлөгчөөр сонгогдвол, үгүй ээ, уучлаарай, хэрэв бид сонгогдвол Брижит мэдээж надтай хамт байх болно. Түүнд тохирсон орон зай, үүрэг роль байх ёстой” гэж Макрон өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж