Батлан хамгаалахад АНУ-тай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахад АНУ-тай хамтран ажиллана

АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардийн командлагч, бригадын генерал Лаури Хаммел манай улсад айлчилж байна. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр түүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Г.Сайханбаяр ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн Улсын Их Хурлаар батлуулаад байгаа талаар дурдаад, энэхүү баримт бичигт орон нутгийн хамгаалалтын асуудлыг нарийвчлан тусгасан. Бид орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхийн тулд дэлхийн олон орны туршлагыг судлан үзэж байна. АНУ-ын Үндэсний гвардийн үйл ажиллагааг харж байхад орон нутгийн хамгаалалтын нэг оновчтой хувилбар гэж харж байгаа гээд Монгол Улс, АНУ-ын Аляск мужийн Үндэсний гвардитай хамтран хэрэгжүүлж байгаа “Улс, муж хоорондын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Бригадын генерал Лаури Хаммел АНУ-ын Үндэсний гвард олон жилийн түүхтэй, үйл ажиллагаа нь тогтсон байгууллага болох талаар танилцуулаад орон нутгийн хамгаалалтын талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Мөн 2016 оны 4 сард зохион байгуулагдах Аляск мужийн Үндэсний гвардийн бүрэн хэмжээний сургууль, дадлагад Монгол Улсын Батлан хамгаалах яамны холбогдох бүрэлдэхүүнийг ажиглагчаар оролцохыг урьсан юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж