
Мөн нэр дэвшигч нь МҮОНРТ-ээс бусад арилжааны телевизээр хоногт 1 цагаас илүүгүйгээр төлбөртэй нэвтрүүлэг цацаж болно гэсэн заалтыг гишүүд дэмжлээ. Харин нэр дэвшигчийн сурталчилгааны самбар байршуулах газар, талбайг тухайн орон нутгийн ИТХ-ын тэргүүлэгчид тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө тогтооно гэсэн заалт дээр УИХ-ын гишүүн Д.Одхүү мөн анхаарах асуудал байна гэж үзэж, саналаа илэрхийлэв. Тэрбээр “Намуудаас сонгуульд нэр дэвших эрхмүүд тодроогүй үед ийм ажлыг хийхээр эцэстээ энэ нь тухайн талбай, байршлыг зарж иддэг явдал руу түлхэх болно. Дээрээс нь өөрийнхөө талын хүмүүсийн сурталчилгааг хамгийн чухал хэсэгт нь байршуулаад бусдыг нь зах газар руу анхаарал татахааргүй хүний нүдэнд өртөхөөргүй газар зааж өгвөл яах юм бэ. Өмнөх сонгуулийн хуульд иймэрхүү заалт байсан ч хэрэгжээгүй тийм учраас энэ заалтыг нарийвчлах ёстой” гэв.
Ажлын хэсгийн даргын хэлснээр энэхүү заалтад нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах ёстой гэсэн заалт давхар туссан учраас нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэх асуудал гарахгүй гэсэн хариулт өгсөн юм. Ингэснээр дээрх заалтыг гишүүд гар өргөн дэмжлээ.
Нийтдээ зарчмын зөрүүтэй есөн саналаар санал хураалгаснаар энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг дуусгав.