“Ганц намайг ч биш дэлхийн бүх суутнуудыг шизотой гэдэг”

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

“Ганц намайг ч биш дэлхийн бүх суутнуудыг шизотой гэдэг”

1990-ээд оны эхээр усан дотор гар, хөлөөрөө зэрэг зураг зурдаг Лүүрэвийн Өнөрчимэг бүсгүйн тухай мэддэг болж, ер бусын авьяас чадварынх нь талаар шагшин ярилцдаг болсон билээ. Түүний гайхалтай авьяасыг Монголын нийгмийн нэг хэсэг нь эхэндээ хүлээн зөвшөөрөхгүй “Бас нэгэн шизотой хүүхэн” гэж тохуурхангуй хандаж байсан бол бүр зарим нь “Гал гаргадаг Өнөрмаа”-тай андуурч зальтай, луйварчин хүүхэн гэж ад үзсэн нь ч бий. Гэтэл хэрэг дээрээ огт өөр хоёр хүн гэдгийг нэлээн хойно хүлээн зөвшөөрсөн удаатай. Дөрвөн мөчөөрөө зэрэг зураг зурдаг түүний ер бусын авьяасыг эх орон нэгтнүүд нь ойлгож ядаж байх хойгуур Азийн олон орон түүнийг хүлээн зөвшөөрч олон уралдааны тэргүүн байранд шалгарч, шагнал урамшууллаа ч харамгүй өгсөн байдаг. ОХУ-ын Тува, Буриад, Халимагт ч ихэд нэрд гарч зарим улс нь Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо ч өгсөн. Ингээд Дэлхийн зургийн спортын холбооны ерөнхийлөгч, Монголын анхны спорт зураач, сод авьяастан Л.Өнөрчимэгийн яриаг болгооно уу.

-Хоёулаа өөрийн тань нутаг ус, гарал үүслийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье, тэгье. Би Өүлэн овгийн Тува үндэстэн хүн. Одоогийн УБИС-ийг зургийн багш, зураач мэргэжлээр 1991 онд төгссөн. Дараа нь нэлээн хойно магистр хамгаалсан. 1993 оны Монгол гайхамшиг анхны генесс рекордын наадамд тэргүүн шагнал хүртэж байсан.
Түүнээс хойш 1999 онд Монгол туургатан спорт, урлагийн улсын их наадамд аквариумтай усан сан дотор зураг зурж тэргүүн байр эзэлсэн. Мөн 1996 онд Орхон аймагт болсон улсын их наадамд усны мандал дээр хөлөөрөө зураг зурж тэргүүн байр эзэлж байсан. Миний хувьд өнгөрсөн хугацаанд реклам сурталчилгаа ганц ч цацаж үзээгүй. Дандаа улсын их наадмуудад тэргүүн байр эзэлж Монголын нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн. Түүнээс хойш 2000-2007 онд Бээжин, Гонгконгод амьдарч Монгол Улсынхаа нэрийг өргөн уудам Хятад оронд чадлынхаа хэрээр дуурсгаж явсан. Мөн Тува, Буриадад өөрийн бие даасан тоглолтуудыг үзүүлж байснаас гадна Монголынхоо бүх суманд хүрэлцэн очиж тоглолт, үзүүлбэрүүдээ танилцуулж байсан. Тоглолтондоо өөрийнхөө зохиосон дуугаа дуулж, усан дотор хөл, гараараа зэрэг зураг зурахын хажуугаар өөрийнхөө шүлгээс уншиж цогц урлагийн үзүүлбэр үзүүлж ирсэн. Энэ нь яваандаа зургийн спорт болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байна.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Тань шиг ийм авьяастай хүн бий юу?

-Эцэг эхээс уг нь 10-уулаа байсан ч отгон дүүгээ алдчихсан юм. Одоо ес нь тус тусынхаа амьдралыг аваад явж байгаа. Дээр нь аав, ээж хоёр маань ах дүүсийнхээ өнчин өрөөсөн гурван хүүхдийг үрчилж авснаар 12-уулаа болсон. Бид 12 бүгдээрээ Өнөр нэртэй, бас эрэгтэй, эмэгтэйгээрээ ээлжилж төрсөн нь сонин. Бид бүгдээрээ дээд сургууль төгссөн. Миний ээж бол Тувагийн Өүлэн хатны алтан ургийн хүн байгаа юм. Харамсалтай нь саяхан өөд болоод 49 хоног нь ч болоогүй байна. Миний аав Лийрэв бас л Өүлэн хатны алтан ургийн хүн. Манай тувачуудаас Өүлэн хатнаас гадна хамгийн сүүлийн Ану хатан ч төрөн гарсан байдаг. Ер нь Чингис хааны алтан ургийн их хаадын хайрыг Тува бүсгүйчүүд хамгийн их татаж байсан байдаг. Дээр нь Хүннүгийн түүх тэр чигээрээ Туватай холбоотой. Хүннүгээс өмнө Скипүүд буюу эсгий туургатан улаан арьстай индианууд оршиж байсан. Энэ үед уг бичиг бий болсон. Гэтэл өнөөдрийн түүхчид Чингис хааны үед л Монгол бичиг үүссэн юм шиг яриад байдаг нь миний гайхал, бас харамслыг төрүүлээд байдаг юм. Тэгэхээр Хүннүгээс өмнө уг бичиг үүссэн байна шүү дээ. Харин Хүннүгийн үед уруна бичигтэй байсан юм. Хүннүгийн дараа Уйгарын үед согдой бичигтэй байсан. Согдой бичгийн үед Түрэг угсаатны түрэмгийлэл гарч Турк мусальман шашинтнууд нэлээн түгэн дэлгэрсэн байдаг. Түүнийг тувачуудтай хольж хутган будлиантуулж ирсэнд бид их сэтгэл дундуур явдаг. Уйгарын дараа Чингис хааны үед Монгол бичгийг моол гэж бичдэг байж. Шихихутагаас эхлээд Чингисийн есөн өрлөгүүд нь бүгд Урианхай үндэстнүүд байсан. Эдгээр өрлөг жанжнууд товчлол бичгийг гарамгай эзэмшсэн байсан нь өнөөдрийн калиграп буюу түргэн бичлэг, дүрст бичлэгийн эх үндэс байсан. Чингис хаанаас хойш дөрвөлжин бичиг, соёмбо үсэг гарган хөгжүүлсэн түүхтэй.
Энд нэг зүйл хэлэхэд Өндөр гэгээн Занабазарыг төв халх хүн гээд байдаг. Үнэндээ бол эцгийн эрхт овгийн Есүхэй баатрын удмын Урианхай хүн байсан.

-Бид хоёрын яриа нэг мэдсэн чинь угсаатан зүй, түүх рүү хальтраад орчихлоо. Та сая өөрийгөө дэлхийн зургийн спортын холбооны ерөнхийлөгч гэсэн. Энэ цолыг чухам хаанаас олгосон хэрэг вэ?

-Зургийн спорт гэдэг зүйл Монголоос анх удаа дэлхийд гарч ирснийг хүлээн зөвшөөрч, энэ урлагийг гаргаж ирснийг минь үнэлж надад энэ хэргэмийг хүртээсэн юм. Зургийн спортын төрөлд уран бичлэгийг үгээр зурах үзүүлбэр болгон оруулж ирснээрээ оюуны спортоо маш том хамгаалалтад орууллаа. Энэ бол миний амьдралын 33 жилийн их хөдөлмөр байсан юм шүү. Би саяхан өөрийнхөө гар бичмэлүүдийг цүнхэлж аваад эрх мэдэл бүхий байгууллагуудаар явсан. Өнөөдөр ч хэдхэн минутын өмнө 100 гаруй кг жинтэй бичигтэй цүнхээ бариад л явж байсан. Эмхтгэл ном маань найман боть болж, хэвлэгдэхэд бэлэн болоод байна. Энэ судалгааны ажлаа 12 жил хийсэн. Би 26 жил зургийн хичээлийн сургалт явуулж, 21 жил биетээр усан дотор, хөл гараараа зэрэг зурж тоглолтоо Монгол орон даяар хийж ирлээ. Сүүлийн долоон жил миний гаргасан замаар дэлхийн олон орны зураачид орж, оюуны өмчид минь халдаад байсан тул эрхээ хамгаалан тэмцэж энэ шагналыг авсан юм. Өнгөрсөн жил Монголын зургийн спортын холбоо байх үед цахим ертөцөөр өөрийгөө ханалттай сурталчилсны үр дүнд зургийн спортын мэргэжлийн найман төрөл, шоу найман төрлийн онолыг гарган ирсэн. Одоо би удахгүй Боловсролын их сургуульд докторын зэргээ хамгаалах гэж байна. Найман боть ном маань гарах гэж байна. Тэр үед дахин өөрийгөө харуулах болно. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Дэлхийн зургийн спортын холбооны бүрэн хуулийн эрхийг авсан. Дэлхий дахины энэ талын бүх цахим мэдээллийн анхдагч нь болж чадсан. Тэгээд 34 төрлийн ангиллаар бүтэн жил шүүгдсэний эцэст патентаа авсан. Энэ патентад зургийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрх, халз мэтгэлцээн, олон улсыг хамарсан томоохон шоу, баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, бэлэг дурсгал, эмблем, туг дарцаг, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг юунд ч ашиглаж болох эрх багтсан байгаа.

-Та долоон жил Хятадад амьдарсан гэж байна. Бас ОХУ-д амьдарч байж. Ингэхэд хэдэн улсын хэл мэдэх вэ?

-За орос хэлийг дунд сургуулиас эхлээд л үзсэн. Хар ярианы гэх юм уу даа Англи хэлтэй. Энд тэнд миний тоглолтын гэрээнүүд албан ёсоор хийгддэг болохоор цаанаасаа хэлмэрч гаргаад өгдөг л дөө. Тэнд ярианы биш албан ёсны хэл байдаг болохоор ихэвчлэн хэлмэрчтэй ажилладаг. Хятад, Тува хэлийг дунд зэрэг мэднэ.

-Удахгүй докторын зэрэг хамгаална гэсэн. Ямар сэдвээр доктор хамгаалах гэж байна?

-Бүтэн 12 жил доктор хамгаалах сэдэв дээрээ ажиллаж байна. Сэдэв нь “Зурах гоц авьяас нь оюуны спортын төрөл мөн” гэсэн сэдэв байгаа. Дотроо хүн судлал, боловсрол судлал, соёл судлал, түүх судлал, урлаг судлал гээд бүгд багтаж байгаа. Үүнээс гадна зургийн спортын түүхэн намтар, стандарт, технологи, амжилт, дурсамж, дисертаци, теором, үгсийн сан гэхчлэн бүх цуврал номуудаа бэлэн болгосон. Одоо хэвлэж гаргаснаар ард түмний нууцлаг авьяасыг илрүүлэх, их дээд сургуулийн сургалтад ашиглах, Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрт хамруулах зэрэг давуу талтай. Одоо төрөөс жаахан дэмжээд өгвөл ард түмэнд их хэрэгтэй ажил болно. Би 33 жил ёстой бор зүрхээрээ явж бусдаас ганц төгрөг ч горьдолгүй энэ бүхнийг амжуулсан.

-Өнгөрсөн хугацаанд гадаадын улс орнуудад олон удаа үзэсгэлэнгээ гаргаж тэмцээн уралдаанд түрүүлж байсан байх. Хамгийн хүндтэй шагналыг хаанаас авсан бэ. Мөн хамгийн үнэд хүрсэн зураг тань ямар үнээр зарагдсан бол?

-Намайг олон хүн “Гавьяатгүй гавьяат” л гэдэг шүү дээ. Би гадаад, дотоодын 100 гаруй телевизийн шоу, нэвтрүүлэгт орж байсан. Мөн гадаад дотоодод 21 удаа таталбар зургийн үзэсгэлэн гаргасан. Мөн л 100 гаруй удаа гадаад, дотоодын боловсролын тухай сургалт семенар, тоглолтод оролцож байсан. Энэ бүгдэд оролцоход хэн миний үсийг засах вэ, хэдэн удаа хувцас сольж өмсөх вэ, такси унаа машин, зочид буудал гээд маш их асуудалтай шүү дээ. Би энэ бүгдэд улсаас болон ямар нэг компаниас ганц ч төгрөг авч байгаагүй. Одоо удахгүй зургийн спортын дэлхийн аваргын тэмцээнд оролцох гэж байна. Би голдуу Монгол туургатан Буриад, Тува, Халимаг гээд явж үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тувагийн бүх нутгаар явж тоглосон. Монголын бүх суманд тоглосон тоглолтоосоо орон нутагт нь дандаа хандив өргөж ирсэн. Өнөөдөр би найман боть номоос өөр эд хөрөнгөгүй ч Монголд өчнөөн сая ам.долларын хөрөнгө орж ирэх үүд хаалгыг нээж чадсан. Эд хөрөнгө гэдэг бол юу ч биш. Харин оюуны их потенциал гэдэг бол хэзээ ч барагдахгүй баялаг.

-Асар өндөр өртөгтэй Гонгконгод долоон жил амьдрахдаа зөвхөн зургаа зарж л амьдарсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Өөр би юу хийж чадах билээ. “Цэцэгс” гэдэг цуврал зургаа 68 мянган ам.доллараар газар дээр нь зураад, шууд л зарж байсан.

Тэр зураг маань одоо Гонгконгын нэг баяны харшид хадгалагдаж байгаа. Түүнээс гадна олон зургаа Есүс христийн сүмийн шугамаар сайн санааны үүднээс хандивласан. Би ганц хүүтэй. Одоо 30 хүрч байгаа хүү минь надтай адилхан хөл, гараараа зэрэг зурдаг авьяастай. Түүнээс гадна миний найман шавь Бээжинд хоёр гараараа зэрэг зурж, шоу тоглолтуудад оролцон амьдарч байсан. Тухайн үедээ хангалттай мөнгө олж тансаг амьдрал босгосон ч зургийн спортын холбоогоо хөл дээр нь босгохын тулд бүгдийг нь зарж борлуулсан.

Одоо дахиад л бараг л тэгээс эхлээд явж байна. Намайг хүнд хэцүү амьдарч байхад маш олон хүн дэмжиж тусалж байсан. Намайг улйж явахад нулимсыг минь арчиж, хоолгүй явахад хоолоо хувааж байсан хүмүүст танай сониноор дамжуулан талархлаа дэвшүүлж байна. Түрээсийн байрандаа намайг үнэгүй суулгаж байсан хүн ч бий. Арт спорт буюу зургийн спортыг анхлан дэмжиж гаргаж ирсэн газар бол Гонгконг байгаа юм.

-Нэг хэсэг таныг өөрөөсөө их олон залуу нөхөртэй болсон гээд шуугисан. Тэр залуу нөхөр яасан бэ?

-Аа нэг хэсэг худлаа, үнэн баахан шуугисан, шуугисан. Гэтэл би өнөөдрийг хүртэл хэнтэй ч албан ёсоор гэрлэж үзээгүй. Миний хүүгийн аав нь цагдаагийн хүн байж байгаад бүр залуудаа хүнд хорлогдчихсон юм. Одоо хадам хоёр хөгшин минь бие нь тааруухан байдаг дуулдаж байсан. Очиж амжихгүй л яваад байна. Тэр залуу нөхөр байхгүй ээ. Одоо би хүүтэйгээ хоёулаа л амьдарч байгаа.

-Таныг бас нэг хэсэг нөгөө “Гал гаргадаг Өнөрмаа”-тай андуурч баахан пижигнүүлэх шиг болсон?

-Нээрээ хачин жигтэйхэн юм болсон шүү дээ. Хэвлэлийн хурал хийж няцаалт хийе гэхээр муухай санагдаад байдаг юм. Гал гаргадаг Өнөрмаатай одоо хүртэл санаатай, санамсаргүй андуураад байдаг юм. Би тэр хүн чинь бишээ гээд байхад л мөн гээд улайм цайм дайраад байдаг. Гал гаргадаг Өнөрмаагаас болж орох гэж байсан байрны маань түлхүүрийг буцааж авч байсан юм шүү. Монголын төр надад одоо хүртэл орон сууцны өртэй байгаа.
Сүүлийн хоёр жил ТВ-8 телевизээр “Бурханаар бөөлждөг Өнөрчимэг” гээд миний зургийг гаргаад байгаа. Тэр бурхнаар бөөлждөг охин чинь шившгээ тариад баригдчихаад байхад л ямар санаатай нь мэдэгдэхгүй миний зургийг гаргаад байсан. Бүр байчихаад өөрөөсөө үе мултарсан дүү залуутай хамтран амьдарч байна гээд л цуурсан. Ийм хөгийн асуудлаар хэвлэлийн хурал хийгээд, сенсацлаад байвал муухай юм даа, тиймээ.

-Та чимээгүй байж байгаад гэнэтхэн Ноён уулаар улстөр хийгээд гараад ирсэн. Тэмцэхгүй байж тэвчихгүй болсон уу?

-Би өөрөө сайхан байгальд үнэхээр хайртай. Тэр Сэлэнгийн Ноён уул хавийн байгаль үнэхээр гайхалтай сайхан шүү дээ. Гэтэл тэр сайхан уулын модыг хядаад, ихэнх алтыг нь гадныхан ухаж аваад монголчуудад хариугүй жаахан хувь өгөхөөр улайрч байгааг хараад үнэхээр тэвчээр алдарсан. Би дунд сургуульд байхаасаа л үүргэвч үүрээд хөдөө, гадаа аялаад явчихдаг байсан хүн. Монголынхоо сайхан байгалиар хангалттай аялсан даа. Тэр хүмүүс яах аргагүй эх орныхоо байгалийг хамгаалан тэмцсэн тул би тэдэнтэй нэгдэж бүх бэлтгэлээ хангаад хуурай өлсгөлөнд оролцож эхлээд байсан юм. Үндсэндээ хуурай өлсгөлөнд 12 цаг болсон л доо. Тэгтэл шөнө цагдаа нар ирээд өлсгөлөнг зогсоосон. Энд онцлоход өнөөдрийн манай улсын засаглалын хэлбэрийг үндсээр нь өөрчлөх цаг болжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав чинь бие биенээ үгүйсгээд, засаглалын хямрал нүүрлэчихээд байна шүү дээ.

-Хүү чинь 30 настай гэхээр та одоо 50 гаруй настай байх. Гэтэл их сайхан ануухан, залуу харагдаж байна. Гоо сайхны нууц жор байна уу үгүй юу?

-Хэ хэ баярлалаа. Надад ямар юмных нь нууц жор байх вэ дээ. Харин ч их хамаагүй, салан задгайдуу хүн шүү дээ. Сонирхуулахад би сүүлийн үед элсээр зурж байгаа. Өнөө маргаашгүй “Хар сарнай” хамтлагийн С.Амраагийн дуулсан “Би Монгол хүн” дууны клипэнд элсээр зурж хамтран ажилласан маань олны хүртээл болно. ОХУ, Украйны элсээр гайхамшигтай зурдаг Семенёва, Яхава гээд хоёр эмэгтэй зураач байдаг. Энэ хоёр зураач бүсгүйн үзүүлбэрүүд нь үзэгчдийг үнэхээр уйлуулдаг. Тэд нараас давж зурахын тулд үнэхээр хичээсэн. Гэхдээ элсний ширхэг хамгийн чухал байдаг. Хот орчмын элсээр зурж болдоггүй юм, бужигнаад. Өмнөговийн шажигнадаг нураг элсээр зурдаг юм л даа.

-Манайхан гоц авьяастай хүмүүсийг “Энэ жаахан шизотой нөхөр” гэж сэмхэн шивнэлддэг л дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ. Та ер нь аль хэр шизотой хүн бэ?

-Хошноор хариулахад “Шизотохгүй бол өөр юу хийх юм бэ” тийм биз дээ. Тийм ээ би бага зэрэг шизотой л хүн. Гэхдээ ганц намайг биш дэлхийн бүх суутнуудыг ингэж хэлдэг шүү дээ. Яг үнэндээ бол би дэндүү гэмээр энгийн хүн л дээ.

-Таны аав зураач хүн гэсэн үү?

-Тиймээ. Монголын Урчуудын эвлэлийн анхны есөн гишүүний нэг, өнөөдөр 90 нас шүргэж байгаа мундаг хүн бий. Анхны тэр есөн гишүүн бүгд л Хөдөлмөрийн баатар, гавьяатууд болсон. Миний аав Монголын ардын армийн Ар талыг удирдах газрын бэлэг дурсгалын командын ерөнхий захирагч байсан хүн. Миний аавын олон бүтээр хуучны ЗХУ, Куба, Хойд Солонгос, Югослав гээд хуучны социалист орнуудад тарсан. Миний аав Лүүрэвийн шавь нараас маш олон гавьяат төрөн гарсан.

-Та ингэхэд ямар шагналтай билээ?

-Би Соёлын тэргүүн, биеийн тамир, боловсролын тэргүүний ажилтан цолтой. ОХУ-ын Тува улсын Гавьяат зураач, бас Монголын Алтангадас одонтой. Монголын ард түмнээс “Гавьяат гоц авьяастан” хэргэм хүртсэн. Олон улсын мэргэжлийн зургийн багш болор цомтой. Гонгконгын шилдэг уран бүтээлийн алтан цомтой.

-Ажиглаж байхад Тува гаралтай Ч.Галсан зэрэг сод авьяастай хүн олон байх юм. Энэ талаар танд юу бодогддог вэ?

-Би Тува гарлаараа маш их бахархдаг. Жамух баатар Тува хүн байсан. “Аянгат цагийн тууж”-ийг бичсэн Ч.Галсан ах бол манай аавын төрсөн дүүгийн хүүхэд нь байгаа юм. Тэгэхээр миний авга ах юм л даа. Чингис хааны нэр нь Жангас буюу “Цорын ганц” гэсэн Тува үг шүү дээ.Өүлэн эх хот аймагтаа цор ганцаар хаягдан үлдэхдээ Жангас буюу “Цорын ганц” хэмээн хашхирч байсан гэдэг. Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ч Тува хүн. Тэгэхээр Тува цусанд яалт ч үгүй онцлог байдаг юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж