Минскийн энхийн хэлэлцээ эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Минскийн энхийн хэлэлцээ эхэлжээ

Уулзалтын өмнө Германы канцлер Ангела Меркель Украины ерөнхийлөгч Пётр Порошенкотой ярилцаж буй нь

Украины зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийвэрлэхийг зорьсон хэлэлцээ Беларусын Минск хотноо Москвагийн цагаар лхагва гаригийн 21.00 цагт эхэлжээ. Франц, Герман, ОХУ, Украины албаныхны уулзалтаар өнгөрсөн есдүгээр сард Киевийн Засгийн газар, Донбассын босогчдын хооронд байгуулсан Минскийн протоколыг сахин биелүүлэх амлалтыг бататгаж, илүү олон зүйлийг нарийвчлан хэлэлцэх аж. Талуудын уулзалт хэлэлцээ хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна.

“Нормандын дөрвөл”-ийн уулзалтын үр дүнгээс Украин төдийгүй Европын цаашдын нөхцөл байдал шалтгаалах юм. Тиймдээ ч Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар Украины зүүн хязгаарын зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байна. Тэд Беларусын уулзалтаас өмнө Киевт Укрианы ерөнхийлөгч Пётр Порошенко, Москвад  ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нартай уулзсан юм. Мөн Германы канцлер Ангела Меркель Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Киевт зэвсэг нийлүүлэхгүй байхаар ятгажээ. АНУ-ын зүгээс  Минскийн хэлэлцээ амжилтгүй болвол Киевт зэвсэг нийлүүлэх байр суурьтай буй нь Укрианы зөрчил мөргөлдөөнийг даамжруулж, Европын тогтвортой байдалд нөлөөлөх аж.

Энэ хооронд Донецк мужийн Дебальцево хотноо Киевийн Засгийн газар, Оросыг дэмжигч босогчдын хооронд тулаан үргэлжилж байна. Киевийн армийн хяналтанд буй бүс нутагт Оросыг дэмжигчид пуужингаар харваснаас 17 хүн амь үрэгджээ. Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөний улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 5000 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж