Сөргөлдөгч сайд нарын уулзалт

Хуучирсан мэдээ: 2014.07.04-нд нийтлэгдсэн

Сөргөлдөгч сайд нарын уулзалт

Лоран Фабиус, Павел Климкин, Франк-Вальтер Штайнмайер, Сергей Лавров

Фото: AP Photo/Markus Schreiber

Берлинд болсон дөрвөн орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украины зүүн өмнөд нутаг дэвсгэрт эвлэрэл тогтоох тухай тохиролцоо хийсэн тухай Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Сайд нарын уулзалт бүтээлч болсныг тэр тэмдэглэв.

"Украинд илүү их аюул нүүрлүүлэхгүй байх хариуцлагаа  уулзалтад оролцогсод  мэдэрсэн гэж би бодож байна. Сүүлийн хоногт гарч байгаа сөргөлдөөнийг даамжруулахаас бид хамтын хүчин чармайлтаар гарч чадна” хэмээн Штайнмайер хэлэв.

Уулзалтад оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцогсод Украины эвлэрлийн тухай тунхаглал гаргахаар тохиролцсон хэмээн онцлов. Харин Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Украины хямралыг арилгах талаар зөв алхам хийлээ” гэж хэлэлцээрийг үнэлэв.

Украинд гал зогсоох тухай Оросын сайдын санал

"Гал зогсоох нь  маш чухал ч гэсэн гол зорилго нь биш. Гал зогсоох нь хүмүүсийг аврахад хэрэгтэй. Дахин энгийн хүмүүсийн хохирлыг нэмэгдүүлэхгүйн төлөө хийж байгаа алхам. Мөн Украины бүх бүс нутгийн оролцоотой ноцтой хэлэлцээрийг явуулах  нөхцөлийг бий болгоход тустай” хэмээн Лавров дөрвөн улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Мөн гал зогсоох нь хүчээ сэлбэх механизм биш гэдгийг онцоллоо.  

"Хэлэлцээрийн явцад хямралыг тууштайгаар хэрхэн зохицуулах, мөн Украины ирээдүй ямар байхыг ярилцах ёстой. Украинд эвлэрэл байхгүйгээс хүний амь үнэгүйдэж байгаа учраас хожуу ч гэсэн үүнийг хийх хэрэгтэй” хэмээн тэр өгүүлэв. “Бидний эргэлзээд байсан сайн дурын журамт цэргийнхэн зэвсгээ хураалгана. Эс хураалгавал тэднийг устгана” гэсэн ерөнхийлөгчийн хоёр дахь төлөвлөгөөг  хэрэгжүүлэхийн тулд тулд гал зогсоохыг ашиглаж үл болно гэж Лавров мэдэгдэв. Москва гал зогсоохыг журамт цэргийнхэнд уриалж байгаа гэлээ.

Гал зогсоохыг ЕАБХАБ хянах ёстой

Украинд гал зогсоох талаар ярилцан тохиролцсоны дараа биелүүлэх ажлыг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) шалгалтын хэсэг  зохицуулах ёстой. ЕАБХАБ-ын албаны  ажиглагчид дэглэмийн зөрчлүүдийг хоёр талд адилхан бодитоор хандан бүртгэнэ гэж найдаж буйгаа Оросын сайд хэлэв.

“Бид  олон хүний амийг алдаж, их хугацааг алдлаа. Одоо энэ бүгд нь бидний  ерөнхий зорилт болж байна. Бид хоёр тал гал зогсоохыг шаардах ёстой” гэж Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин хэлээд ЕХБХАБ хяналт хийхийг дэмжжээ. Үүнийг хэлж байхдаа, өмнө нь гал зогсооход зүүн өмнөд нутгийн “салан тусгаарлагчид” 100 гаруй удаа дэглэмийг зөрчсөн гэв.  Мөн тэд сэтгүүлчдийг барьцаалан аваад галын бамбай болгосон гэж тэр хэлжээ.

Ажиглагчдыг Орос-Украин руу илгээнэ

Герман, Франц, Украины тал ЕАБХАБ-ын ажиглагчдыг Оросын хилийн боомтуудад илгээх тус байгууллагын Байнгын зөвлөлийн шийдвэрийг дэмжиж байгаад нь Москва талархалтайгаар хандаж байна гэж Лавров мэдэгдэв. Сайд нарын уулзалтын дараа ажиглагчдыг Оросын хилийн боомтуудад илгээх шаардлагатайг Германы сайд мэдэгдсэн юм. Украины тал хилийн боомтуудад ажиглагчдыг байрлуулж байгаа нь юуны өмнө хилээр дамжих зэвсэгт  хүмүүс ба зэвсгийн урсгалд хяналт тавихад хэрэгтэй гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж