Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг ICT-EXPO-2014” үзэсгэлэнг уламжлал ёсоор найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох уг үзэсгэлэнд харилцаа холбооны салбарын 50 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдээлэв. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Скайтел компанийн захирал Д.Болор нарын албаны хүмүүс оролцож “ICT-EXPO-2014”-ийн талаар мэдээлэл өглөө. Үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, санаачилга, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, хэрэглэгчдийн санаанд хүрсэн үйлчилгээ зэргийг шалгаруулах ажээ. Ингэхдээ олон нийтийн санал асуулгыг чухалчлах юм байна. Түүнчлэн Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар байгуулагдсаны 93 жилийн ой, Скайтел компанийн 15 жилийн ойн хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар” сэдэвт хиймэл дагуул зохион бүтээх хоёрдцгаар уралдааныг зохион байгуулах гэнэ. Энэхүү уралдаан Ерөнхий сайдын ивээл дор болдгоороо онцлогтой. Харицлаа холбооны салбарынхан тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болох “Кибер аюулгүй байдлын тавдугаар форум”-д бэлтгэж эхэлжээ. Уг форумд Ази, Номхон далайн бүсийн 21 орны төлөөлөгч оролцох ажээ.
Д.ЦЭЭНЭ