
-2013 нэгдүгээр сарын 11-ний өдөр АТГ-аас мэдээлэл хийв. Яг энэ цаг мөчид улстөрийн амьдрал ид буцалж байлаа. Учир нь АН-ын хамгийн “мундаг” улстөрч нь намын нөхдөө шүүмжилж, Засгийн газарт асуулга хүргүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад хүргүүлсэн /2013.01.09/ асуулгадаа “2011 онд ил тод, нээлттэй, хариуцлагатай олон улсын жишигт нийцэхүйц хувийн хэвшлийг бэхжүүлэх зорилгоор Компанийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан компанийн тухай хуулийн хэрэгжилт, компанийн засаглалын асуудалтай холбогдуулан хэд хэдэн асуултад хариулт авахыг хүссэн” байна. Яг үүнтэй зэрэгцэн сөрөг хүчин буюу МАН-ын зүгээс аймгийн Засаг нарын томилгооны асуудлаар Ерөнхий сайдад хандаад байсан. Бүр Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан үе. Яг энэ үеэр АТГ мэдээлэл хийжээ.
Мөн энэ үеэр томилогдоод удаагүй байсан М.Энхсайханыг Монголын төмөр замын даргын ажлаас нь чөлөөлөв /2013.01.10/.
–2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр АТГ-аас мэдээлэл хийв. М.Энхсайханыг “Монголын төмөр зам”-ын даргын ажлаас нь чөлөөлсөн дуулиан намжиж амжаагүй байлаа. Ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгаанаа удирдлагуудтай үл ойлголцолд хүрсэн гэж М.Энхсайхан тайлбарлаж байв. Мөн тэрээр “Хэрэв төмөр зам дээр тохиролцохгүй бол “Шударга ёс” эвсэл, дэр дундаа МҮАН Засгийн газраас гарахгүй гэх газаргүй” гэсэн мэдэгдлийг хийж байв. Мөн УИХ дээр МИАТ-ийг хувьчлах асуудал яригдаж байсан бөгөөд энэ өдөр АТГ-аас мэдээлэл хийж, тус компанийн экс удирдлагууд болох хэрэгт холбоотой есөн хүний талаар мэдээлэл өгч байжээ.
-2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр АТГ-аас мэдээлэл хийв. Энэ үеэр МАН-ын зүгээс Засгийн газрын хоёр сайд болох Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байсан /2013.12.24/ юм.
-2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийнэ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй” болгох хуулийн төслийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвсэл дээрх асуудлаар тав хоногийн завсарлага авсан. Мөн үүнтэй зэрэгцэн МАН-ын гишүүд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, давхар дээлтэй гишүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. /2014.04.10/. Тэгвэл АТГ өнөөдөр сүүлийн үеийн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийхээр болжээ.
Энэ мэт тохиолдлыг авч үзвэл АТГ-ын мэдээлэл Засгийн газрыг шүүмжилсэн, сайд нарыг огцруулах гэсэн, сөрөг хүчин асуудал үүсгэсэн үетэй давхацдаг гэх цахим хүрээнийхний хардлага хий дэмий биш болж таарах нь.