Ж.Баярцэцэг Лондон хотод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Ж.Баярцэцэг Лондон хотод ажиллаж байна

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгчид Лондон хотноо ажиллаж байна. Төлөөлөгчид 3 дугаар сарын 11-ний өдөр Британийн Дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Аюулгүй байдал, цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт уламжлалт үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.
Нээлтийн ажиллагааны дараа Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Лондон хотын Цагдаагийн газрын дэд дарга Крис Аллисон, Британийн Хилийн албаны Гадаад улстай харилцах албаны дарга Фил Даффи, Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газрын  Гүйцэтгэх албаны дарга Марк Бишоп, Британийн Дотоод хэргийн яамны Аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн асуудал хариуцсан захирал Степен Фипсон, Британийн худалдаа, хөрөнгө оруулалтын газрын Батлан хамгаалах, аюулгүй байдлын хэлтсийн Зүүн Ази, Америк, Австралийн асуудал хариуцсан захирал Дэвид Хатчер нартай тус тус уулзав.

Уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад хэрэгжүүлж буй хууль эрх зүйн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Британийн холбогдох албатай холбоо тогтоох, туршлага судлах, мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавив. Британийн Дотоод хэргийн яам болон Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газраас Төрийн нарийн бичгийн даргын хүсэлтийг хүлээн авч цаашид хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн өдрийн үдээс хойш Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Британийн Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Николас Флук болон Британи дахь хуульчдын холбоодын төлөөлөлтэй уулзав. Уулзалтын үеэр Британи дахь хуульчдын эрх зүйн байдал, тэдний үйл ажиллагаа, хуулийн боловсрол олгох тогтолцоо болон Монгол Улсад шинээр байгуулагдсан Хуульчдын холбоо, түүний эрх зүйн байдлын талаар уулзалтад оролцогсод санал бодлоо солилцож, цаашид Британийн хуульчид болон Монгол Улсын хуульчдын хооронд холбоо тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой алхмууд хийхээр тогтов. Төрийн нарийн бичгийн даргын айлчлал үргэлжилж байна.

Chris Allison and Home Office
Phil Duffy, Border Force

Mark Bishop, NCA

Stephen Phipson, Home Office

Law Society

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж