
-“Хүний хөгжлийн сан”-ийн хувь хишиг эрүүл мэндийн салбарт буюу бэлэн бусаар олгохоор болсон. Одоогоор батлагдаагүй ч иргэдэд яаж олгохоор санал Засгийн газарт өргөсөн гэсэн?
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах тусламж, үйлчилгээний хүртээмж хангалтгүйгээс даатгуулагч үзлэг, оношилгоо, зарим төрлийн эмчилгээнд өөрөөсөө төлбөр гаргах нь их байдаг. Улмаар зарим тохиолдолд даатгуулагч өөрт шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үзлэг, оношилгоо хийлгэх гэх мэт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дийлэнх хэсгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэггүй тул даатгуулагч эрүүл мэндийн даатгалаар бус, төлбөртэйгээр авах нөхцөлийг бүрдүүлж байна. Хүний хөгжлийн сангийн мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт ашиглах санал тавьсан байгаа.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрт ашиглана гэлээ. Тухайлбал ямар чиглэлээр вэ?
-Шүд, нүүр амны тусамж үйлчилгээнд ашиглах санал тавьсан. Учир нь судалгаанаас үзэхэд 1993 оны байдлаар 3-5 насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 79%, 2005 онд 4-6 насанд тархалт 91.6%, 2007 онд тархалт 3 насанд 86%, 5 насанд 95%, болж нэмэгдсэн. 1 хүүхдийн аман дахь цоорсон, ломбодсон, авахуулсан шүдний тоо нь 1993 онд 3-5 настай хүүхдэд 4.9 шүд, 2005 онд 4-6 насанд 8,1 шүд, 2007 онд 3 насанд 4,9 шүд, 5 насанд 7,6 шүд болж тус тус нэмэгдсэн байна. Тиймээс бага насны хүүхийн шүд цоорох өвчин, түүний хүндрэлийн тархалтыг бууруулахад эмчилгээний хамт анхдагч урьдчилан сэргийлэлт болон цоорлыг эрт үед нь эмчлэх зорилгоор санал хүргүүлсэн. Жишээ нь 5-9 насны 240000 хүүхэд байгаа бөгөөд дунджаар нэг хүүхэд 7 шүд эмчлүүлэх шаардлагатай байна. Нэг хүүхэд 173000 төгрөгний шүд ломбодох, сувгийн эмчилгээ, ховил хаах арга, сүүн шүдний металл түр бүрээс гэсэн эмчилгээнүүдийг хийлгэнэ.
-Өөр ямар чиглэлээр хувь хишгийн мөнгийг ашиглах уу?
-Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын гурван төрлийн вакциныг хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн амд хийхэд ашиглана. Мөн явуулын амбулаторийн тусламж үйлчилгээг бий болгох, хүн амын сонголтоор үзүүлэх, оношлогоо, шинжилгээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санал болгооод байгаа.
-Явуулын амбулатори бий болгоно гэсэн. Хаана ямар байдлаар үйлчилгээ үзүүлэх юм бол?
-Түүнчлэн 21 аймгийн 314 сумын нийт 1 сая гаруй хүн амын 67,3 хувь буюу 700 гаруй мянган хүн ам хөдөө амьдарч, мал маллан нүүдэллэж яваад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх асуудал чухлаар тавигдаж байна. Хөдөөгийн хүн ам эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах нь газар нутаг, байгаль цаг уурын нөхцөл байдал болон багийн эмч, сум, сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс ихээхэн хамааралтай юм. Эрхэлж буй аж ахуй, хүн бүл, төлбөрийн чадвараас хамааран хөдөөгийн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд аймаг, нийслэлд ирж хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байдаг. Малчидад зориулан бүсийн оношлогоо-эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээг багтаасан лабораторийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг нь явуулын амбулаторийн зориулалтаар тоноглогдсон машинаар жилд 2 удаа бүх сумдаар тойрч үзлэг шинжилгээ хийнэ. 2011-2012 онд хөдөөгийн 671 000 хүнд явуулын оношлогоо, шинжилгээг нэг хүнд дунджаар 93000 төгрөгөөр тооцож, нийт 62.2 тэр бум төгрөг зарцуулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн төлөвлөгөөг боловсруулсан.