Зуун буудалт даамын Дэлхийн цомын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнд найман улсын 56 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр долоо дахь өрөг болох бол маргааш, нөгөөдөр сүүлийн өргүүд болсноор шилдэг даамчид тодорно.
Одоогоор зургаан өргийн дараах байдлаар дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов 4 хожил, 2 тэнцээтэй 10 оноогоор тэргүүлж эхэлсэн бол түүний араас ОХУ, Укриан, Латви, Монголын их мастерууд 9 оноотой удаалж байна. Манай шилдэг тамирчдаас Азийн аварга Г.Ганжаргал тэргүүлэгчдийн эгнээнд 3 хожил, 3 тэнцээтэй эхний зургаад бичигдэж байгаа юм. Өнөөдөр даамчид шийдвэрлэх долоо дахь өргөө тоглоно.
“Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дунд 15 олон улсын их мастер цолтой даамчид багтсан. Эдгээр их мастерууд дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд болох ОХУ-ын А.Шайбаков, М.Амриллаев, Украины Юрий Аникеев, Английн Марина Косинска нарын шилдэг даамчид оролцож байна.
‘Дэлхийн цом 2017’ тэмцээний хүрээнд ирэх пүрэв гаригт /07.27/ блиц төрлийн тэмцээн болох бол дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижовтой хийх зэрэг тоглолт баасан гаригт /07.28/ 10.00 цагаас болох юм байна.
МУБИС дээр болж буй Дэлхийн цомын мэдээллийг http://worldcup2017.mondaam.mn/results/ сайтаар шууд хүргэж байгаа аж.
Ч.БОЛОР