УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.10.02/ болж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэр түүний үр дүнтэй холбоотой асуудлыг өргөжүүлж ойлгох ёстой. Цэц Цагдаагийн албаны тухай хууль иргэний эрхийг хязгаарлаад, иргэний эрх зөрчөөд байна гэдэг байдлаар шийдвэр гаргаагүй. Цагдаатай адилхан шалгах үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/, Авлигатай тэмцэх газар /АТГ/, Хил хамгаалах байгууллага хуульгүйгээр шалгах ажиллагаа явуулж байна гэдэг дүгнэлт гаргасан. Ганц хуультай нь цагдаа. Жишээ татвал, ШШГЕГ-т очсон хүн хууль зөрчөөд утас дамжуулчихаж байгаа. Тэрэнтэй холбоотой асуудлыг шалгах бол ямар хууль, журмаар үзлэг нэгжлэг хийж байгаа юм, баривчилж байгаа юм, саатуулж байгаа юм. Гааль дээр мөн адил. Хууль бусаар бараа бүтээгдэхүүн оруулаад ирдэг, гаалийн албан тушаалтан саатуулах хэрэг гарна. Эрх зүйн хувьд ойлгомжгүй байна. Зөвхөн Цагдаагийн албаны хууль дээр бичсэн агуулгаар хэрэглэж байгаа бол учир дутагдалтай байна гэсэн дүгнэлт Цэц гаргасан чинь бид буцаад Цагдаагийн албаны тухай хуультай ноцолдож байгаа. Яг энэ хуулийг өмчлөөд авсан юм шиг ажлын хэсэг дээр цагдаагийн албан хаагч оруулж ирээд ажлын хэсэг гээд асуугаад байгаа. Хууль зүйн яамных нь мэргэжилтэн орж ирээд тайлбар хийж байх ёстой.
Хоёрт, нэг зүйл дээр болгоомжлоод байна. Хууль хэрэгжүүлэгч байгууллагыг хуулийн төсөл боловсруулах байдлаар оруулж ирдэг арга барилаасаа салах ёстой. Тэр байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтахаар ажлаа хөнгөчвлөх талаас л харна, хөндлөнгийн шинжээчийн байр сууринаас харахгүй. Ажлын хэсэг гээд хоёр цагдаа сууж байна, өмгөөлөгч нар орж ирж байна уу, санал нь байна уу?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу манай байнгын хороо өөрөө санаачлаад өргөн барих ёстой. Цагдаагийнхан хүндрэл бий шүү гэхээр тэднийг сонсолгүйгээр бид өөрсдийнхөөрөө хийчихээр ажилд нь хүндрэл учруулах юм гарчихаж болзошгүй, нэмж боловсруулаарай саналаа өгөх эрхтэй гээд ажлын хэсэгт оруулсан.
Нэг юм бодоорой. Саатуулах ажиллагаа манайд 6 цаг гэдгийг амьдралыг тооцож тавьсан болохоос биш Солонгост 30 минут, Японд 15-30 минут, Германд 30 минут байна. Хүнд халдах асуудал хуулиараа хатуу хамгаалалттай.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Саатуулах болсон шалтгаан үндэслэлээ танилцуулалгүйгээр шууд түр саатуулах байранд хийдэг асуудал бий. Тэндээс эхлээд тоолж байгаа юу. Эрх үүргийг нь тайлбарлаж байтал оргон зугтаачихлаа. Оргон зайлчихвал цаашдаа түр саатуулагдсан эсэхийг хэрхэн тотгоох вэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Хүний эрх төвтэй хууль гаргана гээд тодорхой заасан. Энэ бодлогоо барина. Миранда зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр барьж хорих тухай асуудал байж болохгүй. Төрийн зүгээс зарчмаа барих ёстой. Зарчмаа бариагүй тохиолдолд саатуулж болохгүй. Хэлэлгүйгээр барих тухай ярьж болохгүй. Заавал танилцуулгаа хийж байж, саатуулна. Тайлбарлаж байх үеэр зугтаж байгаа бол саатуулах ажиллагаа эхлүүлэх боломжгүй болчихож байгаа.
Ажлын хэсэг:
-Саатуулах шийдвэр, түүний үндсэн шалтгааныг тухайн этгээдэд танилцуулж, холбогдох эрх үүргийг тайлбарлаж өгсөн үеэс буюу саатуулсан тэр цаг хугацаанаас тоолно гэж орсон.
Амьдралд цөөн тохиолддог бэрхшээлтэй асуудал бий. Гар аргаар ашигт малтмал олборлогчид аль нэг аймгийн нутаг дэвсгэр дээр цуглардаг, тухайн сум, аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг. Тухайн этгээдүүд нь ихэвчлэн бичиг баримтгүй байдаг. Өөрсдийнхөө нэрийг худлаа хэлдэг. Өндөр хөгжилтэй оронд богино хугацаанд шалгадаг. Харин манайд хэний хэн бэ гэдгийг тогтооохын тулд цагдаагийн байгууллагын цахим сүлжээ, мэдээллийн сантай орчинд очиж байж тогтоох шаардлага үүсдэг тул хүндрэл гардаг.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Саатуулах болсноо тайлбарлаад дуусангуут зугтаавал яах вэ, энэ томъёолол алга байна.
Эцэст нь энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Улмаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Г.ХОРОЛ
Хссаа 2024-10-02 202.9.40.103
Манж х***а адгийн зулбасгуудыг нам төр-с зайлуулахгүй бвал улс орн өөдөлгүй. Хулгай зэлгээд таарсн ялсшийтгэлийг өгч цэвэрлий.