VS: Улаанбаатар метротой болж чадна, чадахгүй

Хуучирсан мэдээ: 2024.03.06-нд нийтлэгдсэн

VS

VS: Улаанбаатар метротой болж чадна, чадахгүй

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор нийслэлээс өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан.

Энэхүү тендер зарласантай холбоотойгоор 2028 онд Улаанбаатар хот метротой болж чадах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг нарын байр суурийг онцоллоо.


Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Т.БАТЦОГТ:

-Метроны сурталчилгааг харж байна уу. Хоёрхон хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад төсвөө бид тодотгосон. Төсөв тодотгохдоо бид нар метро барина гээд 333 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөв дээр тавьсан. Гэтэл хоёр хоногийн дараагаас эхлээд Улаанбаатар хотоор дүүрэн метроны тухай сурталчилгаанууд яваад эхэллээ.

Бид нар ийм төсвийг батлаагүй. Бид нар илүү ажил хэрэгч бодитой метротой болох сайхан мөрөөдлийг агуулж бид нар төсөв баталсан.

2017 онд метротой болно гээд эрх баригчид амлаад явж байсан. Дахиад энэ хоосон амлалт хууран мэхлэлт болчихвий гэдгээс санаа зовж байна. Тийм учраас Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа дахин хуралдуулъя. Метротой холбоотой асуудлаа дахин хэлэлцье.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:  

-2028 оны сүүлээс 2029 он гэхэд Улаанбаатар хот метротой болно гээд ярьж байна. Олон улсад 4-5 жилийн хугацаанд метрог барьж байна. Технологи харьцангуй сайжирсан.

Багцаагүй юм яриад иргэдийг хуурах гээд байгаа юм байхгүй. Урьд нь яриад шийдвэрийг нь иргэддээ хэлчихдэг байсан бол бодит үйлдэл гаргах дээр алдаж иржээ.

Эхний ээлжинд зөвлөх үйлчилгээ авах ёстой. Метро бол жижиг замын ажил биш газар доогуурх байгууламжийн асуудал. Бидэнд туршлага байхгүй учраас эхний ээлжинд зөвлөх үйлчилгээ авна. Том гэрээнүүдийн хувьд нийт өртгийн 4-6 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулах ёстой гэж үздэг.  Энэ хэмжээндээ 50 сая ам.долларыг зөвлөх үйлчилгээнд зарцуулна. Бид хэд хэмнэлттэй бөгөөд дундаж зөвлөх үйлчилгээг авъя гээд 150 сая ам.доллар төсөвлөж байна, энэний эхний ээлжийн санхүүжилт 56.4 тэрбум төгргөгийг төсөв дээрээ тугасан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж