Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн ч утаа арилсангүй. Харин ч утаагаар далимдуулан хөлжигсөд олшров. "Тавантолгой түлш" ХХК нэг их наядын алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан гэх мэдээллийг нүүрсний сонсголын үеэр өгсөн нь олны бухимдлыг төрүүлэв. Хамгийн өндөр цалин урамшуулал гэж 125 сая төгрөг авчээ.
Тодруулбал, Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна.
Ж.БАТБАЯСГАЛАН Т.БАДАМЖУНАЙГИЙН ОХИНТОЙ ХАМТРАН ББСБ БАЙГУУЛЖЭЭ
Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж, “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонсов. Энэ асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч ирээгүй юм.
Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 2018-2023 оны хооронд 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Мөн Л.Одхүү нь "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 124.4 сая төгрөгийн урамшуулал авсан байна.
Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч "Алтан хот" ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.
Х.НУРЛАТ 72.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлж байв.
Тэрбээр "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 72.5 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.
Х.Нурлатыг “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайнложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хорих шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлат гэх хүний хамаарал бүхий компани Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг барьж байгуулсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явж байна" гэсэн мэдээллийг өгч байв.
П.ӨЛЗИЙНАРАН 6.3 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзийнаран гурав дахь өдрийн нүүрсний сонсголд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан талаарх баримт гарч ирэв. Тэрбээр 6.3 сая төгрөгийн цалин урамшуулал авчээ.
Тэрбээр өмнөх өдрийн сонсгол дээр "Оффтэйк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. Би ТУЗ-ийн хурал болгон дээр нууцад байгаа гэрээнүүдээ ил болгооч гэж хэлдэг байсан. Инженер хүний хувьд шаардах юмаа шаардаж, мэдээлэлтэй танилцах ёстой байдаг. Энд танилцуулж байгаа гэрээнүүдийг намайг нууцаас гаргаж байгаад хийсэн.
Хүндрэлтэй үе ТУЗ-ийн хараат бус гишүүдэд байдаг. Бүх цаг үеийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг авч ирж, асуугаасай гэж хүсч байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад устгачихсан гэж хэлсэн. Шинжээчид үүнийг олж хараасай гэж хүсч байна” гэдгийг хэлж байв.
УТААГААР "ШОУ" ХИЙСЭН ЖАГСАГЧ Ц.ПҮРЭВХҮҮ
Олон нийтийн сүлжээнд 138 гаруй мянган гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Ц.Пүрэвхүү таг чиг амьдрах болсон. Тэрбээр утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай.
Нүүрсний сонсголын үеэр Ц.Пүрэвхүү 2019-2021 онд "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа 78.7 сая төгрөгийн цалин урамшуулал авсан талаар мэдээлсэн нь олны бухимдлыг төрүүлж байна.
Ц.Пүрэвхүү өнгөрсөн жил /2022.01.20/ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрбээр өмнө нь “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон юм. Тэрбээр 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсч, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
- 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
- 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
- 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
- 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
- 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
- 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Холбоотой мэдээ