НҮҮРСНИЙ ХАРААЛ буюу хулгайч хулгайчаа таньдаг!

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

НҮҮРСНИЙ ХАРААЛ буюу хулгайч хулгайчаа таньдаг!

НҮҮРСНИЙ ХАРААЛ буюу хулгайч хулгайчаа таньдаг!

-1-

Шүүхийн танхимд, камерын өмнө шүүгдэгч Б.Ганхуяг “намайг 40 хүрэхгүй тэрбумын төлөө яллаж байна” гэв. Тэрхүү мөнгө бол 40 цэцэрлэг барих хөрөнгө. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийг 100 сая төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгаснаас үзвэл 40×240 хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг Б.Ганхуяг ганцаараа хулгайлчихсан гэсэн үг. Харамсалтай нь, дийлэнх иргэдийн насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй 40 тэрбум төгрөг Б.Ганхуягийн хувьд жорлонгийн мөнгө төдий аж.

Ийнхүү нэг хэсэг нь хулгайлсан мөнгөө чамлаж зогсохүй дор Улаанбаатарын гэр хорооллын хаа нэгэнтээ хэчнээн хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай амьдарч буйг хэлэхэд хэцүү. Жирийн хулгайч хэн нэгний цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч улс орны бүх боломжийг хулгайлдгийн ганцхан жишээ энэ.

Намтар, түүхээс нь харвал Б.Ганхуяг нүүрстэй 2007 оноос холбогдсон. Тэрбээр 2007-2012 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компанид  олборлолт хариуцсан төслийн захирал, 2016-2018 онуудад “ Эрдэнэс Тавантолгой”-н тэргүүн дэд захирал, 2018 оны тавдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой”-н тамга атгасан том дарга болжээ. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” өр зээлэндээ баригдаж эсрэгээрээ түүний хувийн бизнес цэцэглэж, гадаад, дотоодгүй үл хөдлөх хөрөнгөтэй болтлоо баяжсан нь хардах ч, шалгах ч үндэслэл мөн.

Гэхдээ мэдээж тэр ганцаараа хулгайлаагүй, ганцаараа баяжаагүй. Олуулаа хувааж, хулгайлж идсэн. Тиймээс хэргээ наймаалцахын тулд “хулгайч хулгайчийг бариарай” л гэж хашгирч байна. Живж яваа хүн хөвж яваа мөчрөөс зүүгддэг гэдэг. Үйл явдлын өрнөлөөс харахад живж яваа хүн нь Б.Ганхуяг агаад хөвж яваа мөчир нь МАН болжээ.

-2-

Түүнтэй хамт шүүхийн танхимд мөр зэрэгцэн сууж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. 2022 оны ХОМ-ийг нь харахад Т.Аюурсайханы гэр бүлийн орлого УИХ-ын гишүүн болсноос хойш 16 дахин өсчээ. Үүний цаана өмгөөлөгчийнх нь хэлсэн брэндийн хүрэм болоод марк зараад авсан үл хөдлөх хөрөнгөнийх нь эс үүсвэр нуугдаж байгаа.

Т.Аюурсайхан мэдээж хүрз бариад нүүрс хулгайлаагүй. Шуудайлж үүрээд зах дээр зараагүй нь ойлгомжтой. Тэр тусмаа өмд, цамц баяжаагүй нь ойлгомжтой. Харин үнэт чулуун хөөрөг, үнэтэй маркны цуглуулга, хурдан удмын морьдоор дамжуулан авлига авсан байхыг үгүйсгэхгүй. Монголын улс төрчид бохир мөнгөө хурдан удмын морь, марк, зураг, үнэт чулуун хөөрөг болгон зүсийг нь хувиргадаг. Тэнэг хүн биш бол тэрбум, тэрбум мөнгийг “тээвэрлээд” явна гэж үгүй. Тэр тусмаа банкаар дамжуулж авлига авч өгөлцвөл баримт, нотолгоотой баригдана гэдгээ сайн мэдэхтэйгээ.

Тэгээд ч насаараа төрд ажилласан багшийн орлого найман жилийн дотор 16 дахин өсөх ямар ч боломжгүй. Аль ч талаас нь харсан ч Т.Аюурсайханы хувьд авлига авсан байх магадлал маш өндөр байна.

-3-

Хулгайч хулгайчаа таньдаг гэдэг. Б.Ганхуяг шүүхийн танхимд гэр бүлээ хамгаалуулахыг хүсэв. Тэгсэн нөхцөлд хэн, хэнтэй нүүрс хулгайлснаа ярих юм байх.  Нэг ёсондоо журмын нөхдөө тэр тандаж бас сүрдүүлж байна. Нөгөө талаараа тэр журмын нөхдөөсөө айж байна. Хулгайч хулгайчаа таньдаг гэдэг. Б.Ганхуяг Ардын намын “адууны хулгайг” ярихыг хүсч байна. Гэрч, шүүгдэгч, хохирогч, хоригдол байлаа ч Үндсэн хуулийн дагуу амь насаа хамгаалуулах, хамгаалалт хүсэх эрхтэй. Гэхдээ энэхүү шүүх хурлын явцыг бодитоор дүгнэвэл Монгол баялгийн тэр тусмаа нүүрсний хараалдаа нэрвэгджээ.

Б.Ганхуягийн мэдүүлгээс харахад тэр анд нөхдийнхөө 40 их наядын нүүрсний хулгайг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэдгээр хулгайч нараа ч таньдаг юм байна. Тэд нь түүний гэр бүл, ам насанд заналхийлэх болсон юм байна. Тиймээс хууль, шүүхээс хамгаалалт хүсч байгаа юм байна. Тэгвэл түүний сүрдүүлж, түүнийг айлгаж байгаа тэрхүү хулгайч нар хэн бэ. Үнэндээ авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай тэмцэхийн нэр болохыг хэлээд л байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж