Хятадын төрийн албан хаагчдыг "iPhone" ашиглахыг хориглосон шийдвэр саяхан гарсан. Энэ мэдээллийн дараа "Apple" компанийн хувьцаа хоёр дахь өдрөө дараалан унав. Компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн хоёр өдрийн дотор зургаан хувь буюу бараг 200 тэрбум ам.доллараар буурчээ.
Хятад бол технологийн аварга "Apple" компанийн гурав дахь том зах зээл бөгөөд өнгөрсөн оны нийт орлогынх нь 18 хувийг бүрдүүлсэн. Мөн "Apple" хамгийн том нийлүүлэгч "Foxconn" үйлдвэр Хятадад байдаг.
"Apple" компани нь 2.8 их наяд ам.доллар буюу дэлхийн хамгийн өндөр хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй компани. Тус компани энэ сарын 12-ны өдөр "iPhone 15" утсаа зах зээлд гаргана. Гэвч шинэ утасны нээлтээс өмнө ийнхүү Хятадад хориг тавьж, хувьцааны үнэ унаад байна. Зөвхөн "Apple"-аар тогтохгүй зарим ханган нийлүүлэгчийн хувьцаа ч унажээ. Ухаалаг гар утасны чипийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг "Qualcomm"-ын хувьцаа Пүрэв гаригт долоон хувиар буурчээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын "SK Hynix" компанийн хувьцаа Баасан гаригт дөрвөн хувиар буурсан байна.
АНУ энэ жил Хятадын зарим чип технологид нэвтрэх эрхийг хязгаарласан. Хятад хариуд нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол хоёр материалын экспортыг хязгаарлажээ. Энэ мэтчилэн технологийн дайн зарласан эгзэгтэй үед дээрх шийдвэр гарчээ. Цаашилбал, энэ долоо хоногт АНУ-ын Конгрессын гишүүн, Хятадын асуудлаарх Төлөөлөгчдийн танхимын хорооны дарга Майк Галлахер "Huawei" болон "SMIC"-ийн экспортыг цаашид хязгаарлах хүсэлт гаргажээ.
Эх сурвалж: BBC