Тээврийн цагдаагийн албанаас Горхи тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгаа талаар өчигдөр /2023.08.02/ мэдээлсэн. Тэгвэл хязгаарлалтыг цуцалж, жуулчны автобус, жижиг автомашиныг хэвийн нэвтрүүлэх бол том оврын техник хэрэгсэл, барилгын машины хөдөлгөөний тодорхойгүй хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, өчигдөр 12:00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн нэгдүгээр хороо Туулын гүүр орчим Босса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдсан тул Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.
Албаныхан нөхцөл байдал дээр шуурхай ажиллаж автозамд урсан орсон чулуу, элс, шороо зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг арилгаж байгаа ч эвдэрсэн зам, даланг засахад хугацаа хэрэгтэй гэжээ. Тиймээс зам засварын ажил дуустал тус замаар барилгын том оврын техник хэрэгсэл, барилгын материал ачсан том машин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэдийг энэ чиглэлд тодорхой хугацаанд, түр зорчихгүй байхыг анхааруулж байна. Хязгаарлалт цуцалсан даруйд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар мэдэгдэх аж.
Холбоотой мэдээ