Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2023.07.07/ “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Б.Өлзий-Орших Сүхбаатарын одон хүртлээ. Түүнийг Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасанд фэнүүд нь маш их баяртай байна.
Монголын рок попын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн мөр үлдээн, гялалзаж яваа тодоос тод од бол олноо Өөжгий хэмээн алдаршсан Б.Өлзий-Орших юм.
Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулснаар олонд хүрсэн “Хайрын бурхан”, “Номин талст” хамтлагийн дуулснаар олонд хүрсэн “Дурлаж бичсэн шүлэг”, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаагийн дуулснаар олонд хүрсэн “Би чиний хайртай бүсгүй” зэрэг олон арван ХИТ дуунуудын аяыг бичсэн хөгжимчин юм.
Одоогоос 40 шахам жилийн өмнө буюу 1985 онд Монголын хүүхдийн ордны тайзнаа “Эрх чөлөө” хамтлагийнхантай хамт гарснаас хойш хөгжмийн урлагтай амьдралаа холбон, “Соёмбо”, “Баян Монгол” чуулга, “Хөх тэнгэр”, “Соёл-Эрдэнэ”, “Шар айраг”, “Никитон” зэрэг хамтлагт тоглосон байна.