“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их Сургууль хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцах юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийг хурдасгаж, ахиц дэвшлийг сайжруулахын тулд бодлого, судалгааны түншлэлийг бий болгон, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг боловсруулж, залуу үеийнхний оролцоог дэмжихийн тулд Стэнфордын Их Сургууль болон Ази, номхон далайн бүс нутгийн их сургуулиудын оюутны төлөөлөл ч судалгааны ажлаасаа хэлэлцүүлэх юм. БНСУ-ын “Бан Гимүн” сан нь НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн төлөөх ололт амжилт, үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн илүү сайхан ирээдүйг бий болгоход үйл ажиллагаагаараа дамжуулан хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагджээ. Энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, хүрээлэн буй орчинд ээлтэй нийгмийг цогцлоох зорилгын дор “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулах гэж байна.
Улсын Их Хурлын дарга “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.
Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцоход энэхүү айлчлалын зорилго оршиж байгаа юм.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-той хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассамблейн Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Ким Дү Гван, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их сургуулиас Сөүл хотноо хамтран зохион байгуулах “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцоно.
“Бан Гимүн” сангийн зорилго нь НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийн төлөө НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны олон амжилт, гүн ухааныг үргэлжлүүлж, цаашид хөгжүүлэх, харилцаа холбоо, зэрэгцэн орших, үнэнч байдал, эв нэгдлийн үнэ цэнийг ухамсарлаж, зөрчил, дутагдалгүй сайхан ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах юм.
Сан нь Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар илүү сайхан ирээдийн төлөө эрдэм шинжилгээний судалгаа, бодлогын санал гаргах; НҮБ болон олон улсын төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллах, солилцох; Залуучууд, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө ирээдүйд чиглэсэн үнэт зүйлс, алсын харааг бий болгох үйл ажиллагаа явуулах зэрэг эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ