Олон нийтийн мэдээллийн хуудаст Монголд тэмбүүтэй залуусын тоо өсч байна. Тухайлбал, 1500 оюутан урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр шинжилгээ өгөхөд 40 хувьд нь тэмбүү илэрсэн гэх мэдээлэл гарсан. Харин үүнийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс асуухад цахим хуудаст гарсан олон оюутан тэмбүү өвчнөөр оношлогдсон гэх мэдээллийг нягталж байгаа. Тэнд дурдсан тоон статистик бол ташаа мэдээлэл. Тиймээс иргэдийг аль болох баталгаат эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсч байна гэсэн юм.
Албан статистик мэдээнээс харвал Монгол Улсад жилд дунджаар 16 мянга гаруй хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байна. Үүний 40 хувийг нь тэмбүү өвчин дангаараа эзэлж байгаа аж. Энэ өвчин 2016 он хүртэл нэмэгдэж, 2021 он хүртэл харьцангуй тогтвортой байсан.
Гэхдээ Азийн орнуудтай харьцуулбал Монголд тэмбүүгийн тохиолдлын тоо харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ, БЗХӨ тандалт судалгааны албаны их эмч С.Отгонсүх хэлэхдээ тэмбүү бол зөвхөн бэлгийн замаар нэгээс нөгөөд дамждаг нянгийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрдэг. Гэсэн хэдий ч, сүүлийн үед нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд шинж тэмдэггүй, далд хэлбэрээр тэмбүү тархаж, халдвар авагчдын тоо нэмэгдэж байна.
БЗХӨ-өөр өвчилсөн нийт иргэдийн 45 орчим хувийг 20-29 насныхан эзэлж байна. Харин 30-34 насныхан 15-18 хувийг эзэлж байх жишээтэй.
Харамсалтай нь БЗХӨ-өөр бүртгэгдсэн хүмүүсийн 50 хүртэлх хувь нь гэрлэсэн буюу тогтсон бэлгийн амьдралтай хүмүүс байгаа гэсэн юм.
Мөн шинээр хяналтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд 99.1 хувь хамрагдсанаас 1.7 хувьд нь тэмбүү өвчин илэрсэн. Энэ үзүүлэлтийг харахад, Архангай 2.3 хувь, Дундговь 1.8 хувь, Орхон 2.1 хувь, Увс 2.2 хувь, Хөвсгөл 2.6 хувьтай улсын дундаж үзүүлэлтээс 0.1-0.9 хувиар их байгаа аж. Эдгээр тоон мэдээллээс харвал иргэн бүр эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдах нь зүйтэй.
Холбоотой мэдээ