“Иргэн Ө бусадтай бүлэглэж, насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, цахим орчинд зар байршуулж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж байна” гэх мэдээлэл хоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид ажиллаж, гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг баримтжуулан, баривчилсан байна.
Тодруулбал, тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “Санхүү авна ” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж, төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогджээ.
Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын гуравдугаар зүйлд заасан "хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан" гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Холбоотой мэдээ