С.Болд: Гадаад худалдаа, экспорт "шок"-нд орсон

Хуучирсан мэдээ: 2021.09.22-нд нийтлэгдсэн

С.Болд: Гадаад худалдаа, экспорт "шок"-нд орсон

С.Болд: Гадаад худалдаа, экспорт "шок"-нд орсон

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөв байдлын талаарх тайланг өнөөдөр (2021.09.22) танилцууллаа.


Тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.БОЛД:

-Халдварын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн тухай ярих боломжгүй. Энэ нь бодлогын хамгийн том тулгуур зүйл юм. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүллээ. Нийлүүлэлт талаасаа дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн.

Харин хөдөө аж ахуйн салбарыг өснө гэж тооцсон ч агшлаа. Өнгөрсөн хавар, тавдугаар сард хөл хориотой байсан учраас  барилгын салбар уналтад орсон. Хөрөнгө оруулалт өнгөрсөн онд хасах үзүүлэлттэй байсан ч энэ онд эерэг үзүүлэлттэй гарсан. Дийлэнхийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлж байна. 

Гэвч нүүрсний тээвэр саатсан нь бидний санааг зовоож байна. Нүүрсний экспортын улирал энэ сард дуусна. Нүүрсний тээвэр өнгөрсөн оныхоос ч муу байна. Нүүрсний үнэ бидний тооцсоноос өндөр болсон. Тээвэр саатсан нь Монгол Улсын нөхцөл байдалтай холбоотой.

Гадаад худалдаа, экспорт "шок"-нд орсон. Хятад нийтийн эрүүл мэндийн төлөө хатуу бодлого явуулж байна. Бид энэ бодлоготой хөл нийлүүлж чадсангүй. Хүнсний үнэ 14 хувиар өссөн учраас инфляцын дарамт ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Цар тахлын эрсдэл ирэх онд ч байна. Дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд дэмжлэг үзүүлэх ёстой. Учир нь тэд богино хугацаанд ажилтай, орлоготой болж чаддаггүй. Эдийн засгийн өсөлт тогтворжсоны дараа халамжаа танах нь зөв. Банк санхүүгийн салбарын зээлийн тасалдал арилж, зээл олголт ихэссэн. Зээлдэгчдэд банкууд их хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн. Ирэх оноос эдгээрийн хугацаа дуусна. Тэр нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үе шаттайгаар дуусгах нь зөв болов уу. Учир нь зээл төлөлтийг хойшлуулах зэргээр дэмжлэг үзүүлсэн байтал чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хувь өндөр байгаа нь эрсдэлтэй.     

Улсын төсөвт зарим эерэг өөрчлөлт гарлаа. Цар тахлын улмаас төсвийн алдагдал төдийлөн буурахгүй гэж тооцсон. Төсвийн бодлогоо эргээд хэвийн байдалд нь шилжүүлэх, алдагдлыг бууруулах ажил ирэх онд хийгдэнэ. Нийт хүн амын 65 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан нь эерэг тоо юм.

Вакцинжуулалтын үр дүн сайн байх тусмаа халдварласан хүнд ногдох нас баралтын түвшин буурч байна. Вакцинжуулалт нь халдвараас хамгаалахгүй хүндрэлийн эрсдэлээс хамгаална. 2021 он гарсаар Хятад, Сингапур, Малайз зэрэг гурван улс цар тахлын халдварыг бууруулж, нам түвшинд барих, вакцинжуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх, 2020 оны эдийн засгийн уналтын сөрөг үр дагаврыг зөөлрүүлж, 2021 оноос эхлэн эдийн засаг өсөх хандлагыг дэмжих багц бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлсэн. Ингэснээр дээрх гурван улсын эдийн засгийн  сэргэлтэд дотоодын эрэлт, хэрэглээ, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт сэргэсэн. 

2020 оны эдийн засгийн огцом агшилтын дараа нийтийн эрүүл мэндийн эрсдэлээ багасгасан улс орнуудын хувьд илүү их бараа, бүтээгдэхүүнийг бусад улс орон руу гаргах, орлого олох, үүн дээр тулгуурлан дотоодын эдийн засгаа идэвхжүүлэх боломж үүсч байна.

Гэхдээ 2021 он гарсаар улирал, улирлаар нь авч үзвэл дэлхийн эдийн засгийн сэргэлт хэврэг байна гэхэд буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сэргэлтийн хүлээлт 2021 оны нэгдүгээр улиралд сайн байсан. Халдварын давлагаа дуусч, вакцинжуулалт хийж эхлэхээр эдийн засгийн огцом уналтын дараа сэргэлтийн мөчлөг рүү орно гэсэн хүлээлт өндөр байсан ч гуравдугаар улирал буюу 7-8 сард нийт улс орнуудын хувьд эдийн засгийн сэргэлт буурсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж