Ардчилсан намын хууль ёсны дарга М.Тулгат, үгүй О.Цогтгэрэл

Хуучирсан мэдээ: 2021.03.31-нд нийтлэгдсэн

VS

Ардчилсан намын хууль ёсны дарга М.Тулгат, үгүй О.Цогтгэрэл

Ардчилсан намын даргаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат  болох  уу, эсвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болох уу?. Хэн нь энэ намыг төлөөлөх хууль ёсны дарга болох вэ гэдэг асуудал эргэлзээ дагуулж эхлээд байна. Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам нь нэг л даргатай байх ёстой. Гэтэл Ардчилсан нам гуравдугаар сарын 28-нд хоёр талд цахимаар болон цаасаар намын даргыг тодруулах сонгуулийг зохион байгуулсан юм.  Маргаан дагуулж буй эл асуудлыг хөндөж, энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарын байр суурийг онцолж байна.


 

С.Эрдэнэ:

-Ардчилсан намын хууль ёсны даргаар М.Тулгат сонгогдсон. Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдсон намын даргыг Их хурлаар ёсчлон батлах ёстой. Их хурлыг тавдугаар сарын 2-нд зарлалаа. Улсын дээд шүүхээс  гаргасан тогтоол, Ардчилсан намын даргатай холбоотой бүртгэл, эрх зүйн асуудал хуулийн дагуу хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин Ц.Тувааны намынхан гэж нэрлэгдээд байгаа тэдэнд Ардчилсан намыг төлөөлөх ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулиараа Ардчилсан намыг ямар нэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хуулиар олгогдсон цорын ганц эрхтэй хүн бол С.Эрдэнэ миний бие.

Монгол Улсын Улсын бүртгэлийн гэрчилгээний  ар талд нь Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ гэсэн бичилт энд бий. Манай намыг хууль ёсны Ардчилсан нам, Ардчилсан намын дарга гэдгийг хууль эрх зүйн хувьд нь баталгаажуулж байгаа нотолгоо бол Улсын бүртгэлийн гэрчилгээ.  Улсын бүртгэлийн гэрчилгээг Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэж олгодог. Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоолыг үндэслэж олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээ нь энэ байна. Хүчин төгөлдөр гэрчилгээ. Цаашдаа Улсын дээд шүүх нь Улсын бүртгэлд бүртгэлтэй, хууль ёсны намаас нэр дэвшсэн М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгэх үүрэгтэй, хуулиараа.

Цаашдаа өөрсдийгөө Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо гэж зарлаад хууль бус намын даргын сунгаа явуулсан, бүлэглэлийн явуургүй үйл ажиллагаа явахгүй.

И.Мөнхжаргал:

-Ардчилсан намын даргын сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүдээсээ хамгийн олон саналыг авсан учраас Дотоод сонгуулийн хороо нь түүний нэрийг Их хуралд оруулж,  Ардчилсан намын даргаар батламжлуулна. Их хурлаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар батламжилсны дараа Улсын дээд шүүхэд хандан, бүртгүүлнэ.  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын үндсэн дүрмээр сонгуулийг зохион байгуулсан учраас саналын дүн нь хүчин төгөлдөр юм. Нийтдээ 74908 хүн цаасаар саналаа өглөө, үүнээс илүү баталгаа гэж байхгүй. Нөгөө талын сонгууль бол дүрмийн бус.

Цаашдаа түүний нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэг дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл бол Улсын дээд шүүхэд бүргэгдээд намаа удирдах зүй ёсны дарга юм.

Улсын дээд шүүх дээр ямар нэг маргаан байхгүй. Улсын дээд шүүх бол намын дүрэм, намын даргыг бүртгэдэг бүртгэлийн л байгууллага.  Бүртгэх асуудлыг  Ардчилсан намын Их хурал хуралдсанаас хойш өргөн мэдүүлнэ. Тамганы маргаан бол байгаа, тэр нь Захиргааны хэргийн шүүх дээр очсон. Захиргааны шүүх дээр С.Эрдэнэд тамга олгосныг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж