Сүүлийн үед зөрчилдөөнтэй байгаа Австрали, Хятад улсуудын маргаан улам хурцдах төлөвтэй боллоо. Учир нь Австралиас экспортолсон нүүрсийг Хятад улс боомтууд дээрээ тодорхой шалтгаангүйгээр удаан хугацаанд гацагаад байсан бол өчигдөр /2020.12.14/ албан ёсны тайлбар хэлжээ. Одоогоор Хятадын эргийн орчимд Австралийн нүүрсийг ачсан 60 хөлөг онгоц саатаад байна.
Хятадын төрийн төв хэвлэл анх удаагаа Австралийн нүүрсний импортод хориг тавьсан талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ. Хятадын коммунист намын англи хэл дээр гардаг төв хэвлэл болох “Global Times” сонинд тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны албан тушаалтнууд Хятадын гол 10 эрчим хүчний компанийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Индонез, Орос улсуудаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс авах эрх өгсөн талаар мэдээлсэн байна. Ингэхдээ Австралийн нүүрсийг оруулахгүй байхаар тохиролцжээ. Дээр дурдсан компаниуд нэг тонн нүүрсний үнийг 640 юань буюу 97,8 ам.доллараас хэтрүүлэхгүй байх нөхцөл тавьж байгаа гэнэ.
Харин Австралийн тал нүүрсний нийлүүлэлтэд хориг тавьсан тухай албан ёсны мэдэгдэл Хятадын талаас аваагүй байгаа ч дээрх мэдээлэлд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна. Австралийн Худалдааны сайд Бирмингэмийн хэлснээр тус улсын Засгийн газар Хятадын тал арвайн импортод өндөр татвар оноох болсон асуудлаар Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсны гомдол гаргахад бэлэн болжээ. Мөн нүүрстэй холбоотой хоригийг хэрхэн шийдвэрлэх боломжуудыг судлахаа мэдэгджээ. Хятад улс нь Австралийн өөр хэд хэдэн гол нэрийн бүтээгдэхүүнд нь өндөр татвар ногдуулаад байгаа билээ.
Австралийн зүгээс Хятадыг хоёр улсын хооронд байгуулсан Чөлөөт Худалдааны хэлэлцээрийг (ChAFTA) зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар "ChAFTA нь ихэнх чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн нэгэн адил гэрээнд оролцогч талуудыг нөгөөгөөс нь бараа, үйлчилгээ заавал худалдан авахыг тулгадаггүй. Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд ч улс орнуудыг хооронд нь худалдаа хийхийг тулгадаг дүрэм байдаггүй" аж.
Анх Австралийн эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлчээр Covid-19 цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Энэ асуудал Хятадын талд хүндээр тусч Австрали улстай “худалдааны дайн”-ыг эхлүүлсэн. Хятад бол Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 оны байдлаар хоёр орны нийт худалдаа 214 тэрбум доллар давж байв. Харин Австралийн импортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол нүүрс билээ. Австрали нь Covid-19-ийн хямралд багагүй өртөж буй орнуудын нэг учир эдийн засгийн тогтвортой байдал энэ цаг үед юу юунаас чухал асуудал юм.
Цар тахлаас үүдсэн улсуудын хагаралдаан Монгол Улсад ашигтайгаар эргэж байгаа юм. Хятад нь Австралийн нүүрсний хоёр дахь том худалдан авагч орон бөгөөд хоёр улсын маргаанаас үүдсэн цоорхойг бусад нүүрс экспортлогч орнууд нөхөж байгаа. Хятад улсын хувьд нүүрсээ Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол гэх мэт улсуудаас авдаг ба Монгол Улсын хувь нүүрсний экспорт дээр хамгийн том өрсөлдөгч бол мэдээж Орос улс. Оросын хажууд Монгол Улс хэтэрхий жижиг ч бусадтай өөрсдийгөө харьцуулалгүй олдсон боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд Хятадтай хил залгаа, ойр оршдог нь шууд давуу тал билээ.
Гэхдээ сүүлийн үед Монгол Улс дотооддоо Covid-19 халдварыг алдсанаас хойш нүүрсний экспорт огцом буурчээ. Энэ нь хилээр гарч буй нүүрс тээврийн машины жолооч нараас нэг бүрчлэн шинжилгээ авч, хяналт шалгалт чангарсантай холбоотой. Австралиас нүүрс авахгүй, Монголын нийлүүлэлт удааширсан энэ үед Хятадад коксжих нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ нь огцом нэмэгджээ. Энэ сарын 4-ний байдлаар Далиан хотод коксжих нүүрсний үнэ 4.1 хувиар өсч тонн тутам нь 1.535 юань болсон нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Хятад бол дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд коксжих нүүрсний үнийн өсөлт нь тус улсад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.
Эх сурвалж: The Guardian, SCMP
Холбоотой мэдээ