Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2012 оны зургадугаар сарын 28-ны өдрийн пүрэв гаригт улс орон даяар нэгэн зэрэг явагдсан билээ. Өмнөх сонгуулиудад саналын дүнг гар аргаар тоолон гаргадаг байсан бол энэ удаа автоматжуулсан системээр тоолсон нь хамгийн үр дүнтэй болсон талаар СЕХ тухайн үедээ мэдэгдэж байсан.
2012-2016 оны буюу одоогийн энэ парламентыг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоо үйлчилсэн билээ. Үүгээрээ зургаа дахь удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас онцлогтой байв. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Улсын Их Хурлын сонгуулийг улс орон даяар зохион байгуулж явуулах үүрэг бүхий сонгуулийн 26 тойргийн хороо, 333 салбар хороо, 1905 хэсгийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 15549 албан хаагч ажиллаж, энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж байсан юм. Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа гадаад оронд байгаа сонгогчдынхоо саналыг авсан нь ихээхэн талархал хүлээж байлаа. Уг ажлыг зохион байгуулах комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран байгуулсан билээ.
Энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуульд гадаадад байгаа сонгогчдыг нэмж тооцвол нийт сонгогчдын 67.28 хувь нь оролцож саналаа өгсөн тухай Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлсэн байдаг.
Зургаа дахь удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 11 нам, хоёр эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчээр 544 хүн бүртгүүлсэн ч 26 тойрогт 354 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгүүлж байсан юм.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээр Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний Зориг-Ногоон намаас хоёр, бие даан нэр дэвшсэн гурван хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргаар Зандаахүүгийн Энхболд сонгогдон ажиллаж байна.
Энэ удаагийн парламентын өөр нэг онцлог нь Улсын Их Хуралд гурван намын бүлэг байгуулагдаж, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон намын төлөөлөлтэй байгаа явдал юм. Улсын Их Хурлын дэд даргаар Р.Гончигдорж, М.Энхболд, Л.Цог нар сонгогдон ажиллаж байгаа аж. Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатар, Монгол Ардын Намын бүлгийн даргаар С.Бямбацогт, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар Н.Батцэрэг нар ажиллаж байна.
Улсын Их Хурал 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх, өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах чиг үүрэгтэй Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулсан.
Энэ удаагийн Монгол Улсын Их Хурал парламентын залгамж чанарыг уламжлан хадгалахын сацуу ардчилсан нийгмийн хөгжлийн чиг хандлага, суурь зарчмын дагуу хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх зохион байгуулалт, арга хэлбэрийг боловсронгуй, үр өгөөжтэй болгох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд найман Байнгын хороо, хариуцсан асуудлынхаа хүрээнд хяналтын чиг үүрэгтэй 10 дэд хороотой ажиллаж байна.
Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагааныхаа хүрээнд улс орныхоо хөгжлийг улам түргэсгэж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нийгмийн амьдралын бүх шатанд эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа хуулийн байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож хүний эрх, эрх чөлөөг улам баталгаажуулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн улс төрийн шинэтгэлийн хүрээнд Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай болон улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд нь их бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс орноо хөгжүүлэх, монгол хүн бүр үнэ цэнтэй, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдэж байна. Энэ үндсэн дээр зөвхөн Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд л гэхэд бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталсан байна.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 2012 оны наймдугаар сард байгуулагдсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газар 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцорч байсан. Харин одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна. 2012 оны сонгуулийн дараагаас сөрөг хүчний байр сууринд ажиллаж ирсэн МАН-ынхан Засгийн газарт хамтрахаар болж зургаан сайдаа оруулж ирсэн билээ. Гэвч МАН, АН-ын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаж МАН-ын зургаан сайд Засгийн газрын гишүүнээс огцорсон юм.
Зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ Их хурлын үед БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэдхэн хоногийн зайтай манай улсад айлчилж байв. БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин хүндэтгэлийн хуралдаанд оролцон үг хэлж, их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн хэсгээс дуудаж байсан юм.
Э.БОЛД
ӨДРИЙН СОНИН.2015.08.29