Дэлхий нийтийг хамарсан дулаарал, цөлжилт, агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг үзүүлэлтүүдийг тэд хөндөн ярилцаж байна. Монгол Улсын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж “Байгаль орчин ба ногоон эдийн засгийн бодлого” сэдэвт илтгэл тавьсан юм. Түүнд дурдсанаар ашигт малтмалын олборлолт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, зам тээвэр, барилгын салбар зэрэг нь газрын хөрс талхлагдах, үржил шим доройтоход хамгийн ихээр нөлөөлдөг аж. Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хөрс хамгийн ихээр элэгдэж эвдэрчээ.
Экологийн сүйрлээс сэргийлэхийн тулд байгаль орчны стратегийн үнэлгээ, аудитын тогтолцоог бэхжүүлэх, нөөц баялаг ашигласны дараах байгалийн нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх, тавих хяналтыг сайжруулах, нүүрстөрөгчгүй үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи нэвтрүүлэх, мод бут тарих зэрэг арга хэмжээ авч болохыг тэрбээр хэлж байлаа. Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргүүлэх юм байна.
Д.ОЮУН