Жилд өсвөр насны 4000 охин ээж болдог

Хуучирсан мэдээ: 2019.09.11-нд нийтлэгдсэн

Жилд өсвөр насны 4000 охин ээж болдог

Жилд өсвөр насны 4000 охин ээж болдог

Монгол Улсад жилд 4000 орчим охин өсвөр насандаа ээж болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 19 хүртэлх насандаа хүүхэд төрүүлсэн бол өсвөр насны төрөлт гэж үздэг. Монголд өсвөр насны охид 17-19 насандаа жирэмсэлж байна гэж үздэг ч өсвөр насныхны дундах жирэмслэлт улам залуужиж байна. Тухайлбал, охид, ээжүүдийн эрхийг хамгаалдаг “Гүнж” төвд хүсээгүй жирэмслэлт гэх шалтгаанаар 12 настай охин хандсан байх юм. Сурч, боловсорч, мөрөөдлийн амьдралдаа бэлтгэх насандаа буюу өсвөр насандаа ээж болохыг хэн ч хүсэхгүй. Хүсээгүй тул үр хөндүүлж байгаа охидын тоо үүнээс ч олон байгаа нь нууц биш. Албан ёсоор бүртгэгдсэн тоогоор зөвхөн 2016 онд л гэхэд өсвөр насны 916 охин үр хөндүүлсэн байна. Өсвөр насныхны дунд жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин их байгаа нь эцэг, эх болон олон нийтийн оролцоо, хандлага зэрэг олон зүйлтэй холбоотойг “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх бүсийн тайлан”-д дурджээ. Тайланд багтсан зарим дүгнэлтээс онцолъё.

Олон улсын судалгаагаар залуучуудад бэлгийн цогц боловсрол олгосноор амьдралын чанар, эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, аливаа бэрхшээлийг давах чадвар сайжирдаг нь нотлогдсон байна. Монгол Улсын хувьд боловсролын системдээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох үйл явц 2014 оноос тасраад байсан. Гэхдээ 2018 оны хичээлийн шинэ жилээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг заавал үзэх хичээл болгон дахин шинэчилснээр тус хичээлийн агуулгад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол” гэсэн бие даасан сэдэв багтсан юм. Мөн хичээлийн агуулгыг хүний эрх, хүйсийн харилцаа, бэлгийн чиг хандлага, бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх зэргээр НҮБ-аас боловсруулсан олон улсын арга зүйн удирдамжид тулгуурлан, сурагчдын насны онцлогт тохируулан, бага болон дунд ангийнханд зориулан боловсруулсан.  Харин хичээлийн цагийн багтаамж хангалтгүй байгааг тайланд дурджээ. НҮБ-аас гаргасан бэлгийн цогц боловсрол олгох удирдамжид тусгасан агуулгыг хичээлийн хөтөлбөрт багтаахад 100 цаг шаардлагатай ч 68 цагийн хичээл болгоод байгаа юм.

Өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх мэргэжилтэн дутмаг байна. Тухайлбал,  өсвөр үеийнхэнд ээлтэй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинет, төв улсын хэмжээнд 31 ажиллаж байгаа нь хүн амын 7.3 хувийг эзэлж буй 15-24 насныханд хангалтгүй үзүүлэлт юм. Тиймээс өсвөр үе, залууст ээлтэй клиникийн тоог нэмэгдүүлж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг тайланд дурджээ.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн хичээл заах 120 сургагч багш бэлтгэсэн нь тун хангалтгүй үзүүлэлт. Хэдийгээр тус хичээлийг заах багшийг МУБИС-д бэлтгэхээр болсон ч 2018-2019 оны хичээлийн жилд эрүүл мэндийн хичээлийн багшийн ангид элсэлт аваагүй юм. Энэ нь сүүлийн таван жилд эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн дипломтой багш заахгүй, тус хичээл нэр төдий байна гэсэн үг юм.

Мөн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг зөвхөн эрүүл мэндийн байгууллага, хичээлийн хөтөлбөрөөр олгох бус, энэ талаарх боловсролыг нэмэгдүүлэхэд эцэг, эх, олон нийтийн хандлага, оролцоо чухал байгааг тайланд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж