Өмнөд Солонгосын охидын хамтлаг дундаас “MAMAMOO” ямар нэгэн хөгжмийн жанрт баригддаггүй, хүчирхэг хоолойтой гэдгээр ялгардаг. Тус хамтлагийн гишүүн, өөртөө итгэлтэй, хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл гэгддэг Хвасаг “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.
БЛИЦ
Нэр: Ан Хэ-жин (тайзны нэр Хваса)
Нас: 24 (1995 оны долдугаар сарын 23)
Төрсөн: Өмнөд Солонгосын Чонжү хот
Биеийн харьцаа: 162 см өндөр, 44 кг жинтэй
Боловсрол: Вонгван мэдээлэл, урлагийн ахлах сургууль төгссөн
Гэр бүл: Эцэг эх, хоёр эгч
Хваса багаасаа л бусадтай өрсөлдөж, ямагт нэгдүгээрт орохыг хичээж иржээ. Энэ нь нэг талаараа эцэг, эхийнхээ анхаарлыг татах оролдлого байв. Тэрбээр хоёр эгчтэй, айлын бага хүүхэд. 2008 оны олон улсын санхүүгийн хямралын дараа гэр бүлийнх нь санхүүгийн байдал эрс муудаж, эцэг, эх нь өрөнд орж, гэртээ үзэгдэх нь багассан байна. Тухайн үед Хваса аав, ээжийнхээ анхаарал халамжаар дутагдаж, тэдний анхаарлыг татахын тулд бүх чадлаараа хичээх болжээ.
Тэрбээр ямарваа уралдаан, тэмцээнд нэгдүгээр байранд орж чадахгүй л бол маш их уурлаж, уйлдаг шазруун ааштай. Эцэг, эхийнх нь хайр халамжийг ганц бие авга ах нь нөхөж өгдөг байсныг тэрбээр хожим дурссан. Авга ах нь түүнийг яг л өөрийн охин шиг өхөөрдөж, эрхлүүлдэг байсан аж. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдоход авга нь хамгийн эхэнд мэдэж, ярилцдаг дотны хүн нь байжээ. Гэвч 2017 онд авга ах нь автомашины ослоор нас барснаар Хваса цочролд орж, мэргэжлийн сэтгэлзүйчийн туслалцаа авахад хүрсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр хамтлагийнхантайгаа явж байгаад хөнгөн осолд орсон ба үүнээс болж хэсэг хугацаанд автомашинаас айх айдастай болсон аж. Гэхдээ айдсаа даван туулж, жолооны үнэмлэх авч, өөрөө автомашин жолооддог болсон ч заримдаа автомашин барихаас айдаг гэж ярьжээ. Өдгөө тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой залуу алдартнуудын наймдугаарт бичигдэж, мөн гэр бүлээ тэтгэж байна.
ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ХҮЧИРХЭГ БҮСГҮЙ
Хваса биеийн жингээ барих гэж хоол сойдоггүй. Тэрбээр хоол хийх дуртай учраас хамтлагийн бусад охиддоо байнга хоол хийж өгдөг. Түүний дуртай хоол нь Өмнөд Солонгосын дунд эргэм насны эрчүүдийн ихэвчлэн иддэг “гопчан” буюу үхрийн гэдэс аж. Хваса солонгос охид шиг туранхай зэгзгэр бие хаагүй боловч өөртөө маш итгэлтэй нэгэн. Тухайлбал, 2018 онд Японд болсон хамтлагийн тоглолтын үеэр улаан өнгийн бие барьсан бодитой гарч ирсэн нь багагүй шуугиан тарьсан юм. Түүний өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдал нь олны анхаарлыг ихээр татдаг төдийгүй залуусын хүсэмжит оддын нэгээр нэрлэгддэг аж. Хваса загварын мэдрэмжтэй оддын тоонд багтдаг бөгөөд өөрийн имижээ “V” хэлбэрийн захтай цамц, майк, плажаар илэрхийлдэг. Өмнөд Солонгосын гоо сайхны брэндүүд түүнийг нүүр царайгаа болгох сонирхол их байдаг. Тэрбээр хамтлагт орохоосоо өмнө нь “4Minute” хамтлагийн хоолой бичлэгийн дасгалжуулагч байсан. Дууны үг бичиж, ая зохиодог авьяаслаг нэгэн. Хваса хуучны жааз хөгжим сонсох дуртай бөгөөд дуучин Рианнагын шүтэн бишрэгч гэж хэлж болно. Амьтанд хайртай боловч харшилтай учраас чихмэл тоглоомын арсланг байнга авч явдаг. Хамтлагийн гишүүн Вийнийг нь дунд сургуулиасаа нөхөрлөсөн дотны найз нь. Хваса биедээ таван шивээстэй бөгөөд дотны найз Вийнтэй нөхөрлөлийн хос шивээстэй. Түүнийг 2018 оны хамгийн царайлаг оддын нэгээр нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард бие даасан уран бүтээл “TWIT” дууг гаргасан.
Түүний анхны хайр нь ахлах сургуулийн нийгмийн ухааны багш нь бөгөөд тэд одоог болтол холбоотой байдаг аж. Хваса аав шигээ нөмөр нөөлөгтэй эрчүүдэд дуртай ба зүйрлэвэл жүжигчин Жорж Клүүниг нэрлэдэг байна.
ХАМТЛАГИЙН ТУХАЙ
2014 онд гарч ирсэн хамтлагуудаас “RBW” энтертаймэнтийн “Mamamoo” нь өөрсдийн ретро, жазз, R&B төрөл жанр болоод хүчирхэг хоолойгоороо нэлээд алдартай. Уг хамтлаг Солар (Solar), Мүүнбюл (Moonbyul), Вийн (Wheein), Хваса (Hwasa) гэсэн нийт 4 гишүүдээс бүрддэг. Mamamoo хамтлаг нь дэбют хийхээсээ өмнө бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан ч 3 дахь мини албум "Pink Funky"-гаа гарган, "Um Oh Ah Yeаh" дуугаараа эргэн ирж, чартуудад дээгүүрт жагсах болсон юм. Охид өмнө нь "Purple" нэртэй EP цомгоороо Billboard-ын Дэлхийн чартыг тэргүүлсэн бол энэ зун гаргасан "Red Moon" гэх EP цомог нь уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байна.